Автомашины тээшиндээ 5 кг “Мөнгөн ус” тээвэрлэж явсныг илрүүлжээ
Экологийн цагдаагийн албанаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд мөнгөн ус тээвэрлэсэн байна гэх мэдээллийг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:03-д авч холбогдох мэргэжлийн байгууллага /ОБЕГ, НМХГ/-ын албан хаагчдыг оролцуулан шалгахад Монгол Улсын иргэн 26 настай А, И нар нь тээврийн хэрэгслийн тээшиндээ ТАВАН килограмм “Мөнгөн ус” тээвэрлэж явсан үйлдлийг Чингэлтэй дүүрэг цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран илрүүлэн шалгаж байна.
Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан ангилалд орсон химийн хорт болон аюултай бодис юм.
Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.
Хууль бусаар Мөнгөн ус тээвэрлэсэн бол Монгол Улсын ЭХТА-ийн 24.3.дугаар зүйлд
1.Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.