М.Цэнд-Аюуш: Өнгөрсөн онд Экологийн цагдаагийн алба нь 7.4 тэрбум төгрөгийн хохиролтой 218 хэрэг, үйлдлийг нөхөн илрүүлсэн

2021 оны 2 сарын 09

Arslan.mn

Экологийн цагдаагийн алба нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 355, 2020 оны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2020 онд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нийт 622 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 133 буюу 27.2 хувиар, хэргийн илрүүлэлт 3.5 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлтэй байна. Ингээд бид энэ удаад Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн Хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэж байна. 

-Экологийн цагдаагийн алба нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ямар хяналт шалгалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Нэг жилийн хугацаанд бид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр 21 аймгийн нутаг дэвсгэрт 36 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, 303 холбогдогчтой 7.4 тэрбум төгрөгийн хохиролтой 218 хэрэг, үйлдлийг нөхөн илрүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл 162, алт угаах төхөөрөмж 31, тээрэм 18, чулуу бутлагч 6 ширхэг, хууль бусаар олборлосон 6.4 кг алт, 84 тонн жонш, мөнгөн ус 41.6 кг, нэн ховор ургамлын үндэс 5.3 тонныг тус тус хураан авч, битүүмжлэн ажилласан.

Мөн эвдэгдсэн талбайн хэмжээг тогтоох, холбогдох этгээдээр зохих журмын нөхөн сэргээлгэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран улсын хэмжээнд “Нөхөн сэргээлт-2020” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, орон нутаг, аж ахуй нэгж байгууллагын 8,3 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр 3148 га талбайд нөхөн сэргээлт хийлгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт урьд оны мөн үеэс 69.5 хувиар өссөн. Зөрчлийн тухай хуулиар харьяалуулсан усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан 109 зөрчлийг илрүүлж, 10.9 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, бусад 75 зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

-Танай албанаас зохион байгуулсан аян арга хэмжээ маш их үр дүнтэй байсан. Иргэд мэдлэг, мэдээлэл авахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх томоохон ажил болсон гэдгийг мэргэжлийн яам, байгууллагуудаас ч үнэлсэн. Ямар үр дүр гарсан талаар та товч мэдээлэл өгнө үү?

-Бид Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Туул голын сав газрын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан, хэрэгжилтийг хангах чиглэлээр нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн.

“Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриа дор “Ногоон дуу хоолой”, “Хогоор бүү хорло”, “Ирлээ, Явлаа, Цэвэр”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” нөлөөллийн аянуудыг тус тус зохион байгуулснаар иргэд, олон нийтийн байгаль орчинтой зөв харьцах, хамгаалах мэдлэг ойлголт, боловсролыг дээшлүүлж, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн, нийтийн дэмжлэг авсан нийгмийн захиалгат ажил, арга хэмжээ болсон гэж үзэж байна.

“Байгаль эн тэргүүнд” мэдээлэл сурталчилгааны төслийн хүрээнд телевиз, радиогийн 209, сонин, сайтад 262, цахим орчинд 1113 мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээснээр иргэд олон нийтийн энгийн болон аюултай хог хаягдлын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, байгальд хаягдсан хогийг цэвэрлэх бодитой алхам болж, аялагч иргэд хог хаягдлаа цэвэрлэх, авч явах талаар бусдадаа шаардлага тавих, орчны бохирдлын шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, зөв дадал хандлагад уриалсан зураг, постоор цахим орчинд давлагаалсан.

Мөн Байгалийн хязгаарлагдмал нөөц баялаг болох “Ус”, “Ойн” сангийн ач холбогдлын талаарх мэдээлэл, сурталчилгааг эрчимтэй өрнүүлсний дүнд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд дэмжиж, төрийн өндөрлөгүүд нэгдэн уриалж, цахим сүлжээгээр “Нэг хүн 18 мод тарих” давлагаа үүссэний дүнд “Нэг аав-Нэг мод” ойн төгөл байгуулсан нь ногоон ирээдүйд бодит хувь нэмрээ оруулж, усны буруу хэрэглээг халах, ашиглалт, хэмнэлтийн зөв соёлыг дэмжсэн ажил болж, тогтсон буруу дадал хандлагад эерэгээр нөлөөлж, нийтийн дэмжлэг авсан ажил болсон нь давхардсан тоогоор 44 сая хүнд хүрсэн.

-Энэ жил ямар аян, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсантай холбогдуулан “Нөхөн сэргээлт” ерөнхий арга хэмжээг зохион байгуулах.

Мөн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, холбогдох мэргэжлийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сурталчилгаа, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийн 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор “Амьтдаа хайрлая” хэсэгчилсэн аяныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангасан боловч Коронавирус /ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой арга хэмжээг түр хойшлуулаад байсан. Тус аян маань Хууль зүйн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийт маань тусалж дэмжиж байгаад талархаж байдаг.

Цаашид байгаль экологид учрах хохирлыг бууруулах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо юу юунаас чухал. Тиймээс энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623445
19 эможи

Зочин
2021-02-11 21:36
Зуслан ногоон бүсэд сүйтгэл явагдаж байгааг анхаараачээ,
Cувдаа
2021-02-09 11:59
Байгаль, экологио хамгаалах их үйлсэд амжилт ололтоор дүүрэн ажиллаж байгаа та бүхэнд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.
keyboard_arrow_up