Бусдад зөв мэдээллийг түгээе #ЗөвийгТүгээе
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "#Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран зохион байгуулж байна. Тус аянд нэгдэцгээе.
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
Зөвөөр нөлөөлье
Нийгмийн сүлжээ нь даган дуурайх орон зай юм. Шинэ хандлага, давалгаа, мэдээ мэдээлэл хаана хамгийн хурдан хүчээ аван тархаж, нөлөөллөө өгч байгаа билээ. Энэ утгаараа нийгмийн сүлжээ нь олон нийтийг зохион байгуулахад хялбар хирнээ хүчирхэг платформ болоод байна. Тиймээс зөв зүйлд уриалж, эерэг хандлагыг идэвхжүүлж, нийгэмдээ сайн сайхан бүхнийг авчрахад ашиглаарай.
Нийтийн WIFI-д нэгдэх нь бүх мэдээллээ алдахтай ижил
Нийтийн номын сан, үзвэр үйлчилгээний газар, кофе шоп зэрэг олон нийтийн газар нэвтрэх нууц үг нэхээгүй wifi сүлжээнд холбогдохоос зайлсхийгээрэй. Нэвтрэх нууц үг шаарддаггүй Wi-Fi сүлжээ нь ямар ч хамгаалалтүй байдаг бөгөөд холбогдсон тохиолдолд тухайн сүлжээнд байгаа бусад хүмүүс бидний мэдээллийг харж чадна гэсэн үг. Тэр бүү хэл бидний мэдээллийг хулгайлах эсвэл хийж байгаа үйлдэл бүрийг хянаж байх өндөр магадлалтай.
Цахим орчинд бусдад хэрхэн харагдах нь таны шийдвэр
Өнөөдөр бид бодит болон цахим гэсэн хоёр зэрэгцээ орчин, орон зайд амьдарч байна. Бодит амьдрал дээр хэн байх нь цахим орчинд хамаагүй мэт санагдах боловч өөрийгөө бусдад хэрхэн харагдуулах, дүгнүүлэх нь таны шийдвэрээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл нийтэлсэн зураг, дагасан пэйж, үүсгэсэн групп, таалагдсан сэдэв үйл явдал, бичсэн сэтгэгдэл, таагласан найз нөхөд зэргээр таныг хэн бэ гэдгийг төвөггүйхэн уншиж болно. Тиймээс аливаад нухацтай, болгоомжтой хандаж, цахим орчинд өөрийгөө зөвөөр бүтээцгээе.
Та цахим орчинг зөв ашиглах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах сувгуудыг дагаарай.
Facebook page
- fb.com/CITAMongolia/
- fb.com/Гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/
- fb.com/Цагдаагийн ерөнхий газар/
- fb.com/DigitalLiteracyMongolia
/ - fb.com/UNICEF Mongolia/