А.АМАРБАЛ: ГУРВАН ЭМЭГТЭЙ тутмын нэг нь ХҮЧИРХИЙЛЛИЙГ ямар нэгэн хэлбэрээр амссан байдаг

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Монгол Улс анх удаа дэлхийн стандартад нийцсэн Жендерт суурилсан хүчирхийллийн тандалтын судалгааг 2017 онд амжилттай хийж дуусгажээ. Энэхүү судалгааны талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа.

-Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний статистикийн хороо хичнээн нэр төрлийн судлагаа, тооллогыг зохион байгуулж байна вэ?

- Манай байгууллага улсынхаа өмнө болон олон улсын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг гаргах, хэрэглэгчийг ялгахгүй байх гэсэн хамгийн том зорилготой ажилладаг. Манай нэр төрийн баталгаа нь шинжлэх ухааны баталгаа юм. Бидний гаргасан судалгаа бүр үнэн, бас баталгаатай байдаг.

Одоогоор манайх үндэсний хэмжээнд 348 үзүүлэлтээр албан ёсны статистик гаргадаг бөгөөд үндэсний хэмжээний 5 том тооллого, 10 том судалгаа хийж байна. Жендерт суурилсан хүчирхийллийн тандалт судлагаа нь 11 дэх судалгаа болж Статистикийн тухай хуульд тусгагдан бөгөөд таван жилийн мөчлөгтэй хийгдэхээр болсон.

- Шинэхэн судалгааны нэг болох Жендерт суурилсан хүчирхийллийн тандалт судалгааны үр дүнгийн талаар?

Өмнө нь Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл буюу хамтрагчийн зүгээс үйлдэж байгаа хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлаараар хийсэн судалгаа байсангүй. Бид улс орон даяар анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг ашиглан судалгааг хийлээ.

Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилт руу, ялангуяа жендерийн тэгш байдлыг хангах тавдугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээ, мэдээллийг цуглуулахыг хичээсэн болно. Уг судалгааг НҮБ Ази номхон далайн улсуудаас 30 гаруй улс хийсэн байдаг. Судалгаанд Швейцарийн хөгжлийн агентлаг, Австралын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагууд хамтран ажилласан бөгөөд судалгааг хот, 21 аймгийн түвшинд гаргасан.

-Жендерт суурилсан хүчирхийллийн тандалт судалгааны үр дүнгээс харж байхад хамгийн эмзэглэмээр үзүүлэлт юу байсан бэ?

Манай судалгааны үр дүнгээс харахад гэр бүлийн хүчирхийлэлийн бүртгэгдсэн  тоо баримт маш бага байна. Үүний шалтгаан нь гэр бүлийнх нь нэр хүнд унахаас айсан буюу 25.9%, хүчирхийлэл байдаг л зүйл буюу ноцтой асуудал биш гэж үзсэн хандлага нь 20.9%-ийг эзэлж байсан. Мөн хаана  хандахаа мэдэхгүй, гэр бүлийн салалтаас айсан, учирч болох аюул занал, үр дагавар буюу хүчирхийлэл улам нэмэгдэх байх гэсэн айдсууд илэрч байсан.  Энэ бол эмзэглэмээр асуудал.

Судалгааны үр дүнг харахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогчийн нэг хүрэхгүй хувь нь л бүртгэгддэг нь тогтоогдсон. Мөн амьдралынхаа туршид 3 эмэгтэй тутмын 1, сүүлийн 12 сард 10 эмэгтэйгийн 1 нь хүчирхийлэлийн аль нэг хэлбэрт өртсөн нь тогтоогдсон.

-Дээрх тоон үзүүлэлтээс харвал монгол улс яаралтай нэн тэргүүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цаг болсоныг харж болохоор байна.

Гэр бүлийн хүчирхийлэлийг Монгол Улс бүх түвшиндээ анхаарах хэрэгтэй байна. Нөлөөллийн ажлуудыг ч ихээр хийх нь чухал байна. Улс орнуудын тогтвортой хөгжлийн бодлогыг авч үзвэл зөвхөн хөрөнгө, баялагыг хөөх нь асуудлыг шийдэхгүй байгааг ойлгоод иргэд рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлогийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Иргэн рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг ярьж эхлэмэгц байгалиас өгөгдсөн хоёр хүйсийн тэгш байдлыг хангах хэрэгтэйг ухаарч шийдвэрлэж эхэлсэн. Үүний тул гэр бүлийн орчин дахь хүйсийн тэгш бус байдал буюу гэр бүлийн хүчирхийллийг багасгах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэлгүй болсон цагт жендерийн тэгш байдлын суурийг тавих юм байна гэдэг ойлголттой болж өнөөдөр энэ чигт ажиллаж байна. Бидний хувьд ч гэсэн энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах цаг нь болсон.

-Хүчирхийллийн хамгийн том хохирогч бол хүүхэд шүү дээ. Цаашлаад хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлал маш өндөр байдаг. Энэ талаар?

Хүчирхийлэлтэй орчинд өссөн хүн ирээдүйд хүчирхийлэгч болдог.  Энэ нь олон улсын судалгаагаар батлагддаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь багадаа хүчихийлэлтэй орчинд өссөн байдаг нь энэ хэвийн байдаг л зан үйл мэтээр ойлгож хүчирхийллийг даамжируулж байна.

Эргэн тойрны хүмүүс нь өөрийн мэдэлгүйгээр хүчирхийлэгчийг өөгшүүлж, хүчирхийллийн хохирогчийг дам хүчирхийлэлд оруулдаг. Энэ хандлагаа зогсоох шаардлагатай.

Монголчуудын зарим уламжлалыг сэргээх хэрэгтэй. Жишээ нь “Хүүгээ гэвэл Бэрээ “ гэх мэт Монгол сайхан сургаалийг сэргээх, хүүхдүүддээ гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, Монгол төрийн тулгар багана гэр бүл гэдгийг ойлгуулах, төр гэр бүл дээр оршин тогтнодог гм. Зөв гэр бүл байх асуудал дээр илүү анхаарах цаг нэгэнт болжээ.

-Гэр бүлийн хүчирхийллэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн насны бүлгээр нь гаргасан тоон мэдээллийг танилцуулвал. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэж яг юуг хэлээд байна вэ?

Товчхондоо гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр, нөхөр, төрөл садан, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулсан иргэд, ямар нэгэн шалтгаанаар асрамж халамжинд нь байгаа эдгээр хүмүүсийн хэн нэгэн нь эрх мэдэл, давамгай байдлаа тогтоохын тулд бэлгийн болон эдийн засгийн, бие мах бодийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдээд байгаа бол үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлнэ. Хүчирхийлэлд өртөгчдийг насны бүлгээр нь харвал 30-39 насны эмэгтэйчүүд хамгийн өндөр хувь буюу 36% -ийг эзлэж байна. Мөн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд насны хувьд хөдөлмөрийн ид насныхан байгаа нь харамсалтай.

-1980-аад оны сүүлээс шилжилтийн нийгэмд боловсрол хүйсийн хувьд алдагдалтай болж ирсэн. Энэ үзэгдэл гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлсөн үү.

Нөлөөлөлгүй яахав. Эр хүйс байгалийн өгөгдлөөрөө их мундаг, хүчтэй, гэр бүлээ авч явна, тэжээнэ гэх мэт. Тэгсэн шилжилтийн үед хүүдээ эцэг эхчүүд боловсрол эзэмшүүлээгүй, охиноо хүнд дээрэлхүүлэхгүй гээд мэргэжил эзэмшүүлж дээд боловсролтой болгосон. Энэ үед эрчүүд орхигдсон. Боловсролын түвшин өөр гэр бүлүүд хүчирхийлэлийн тодорхой хувийг эзлэх болсон.

-Жендерт суурилсан хүчихийлэлийн тандалт судалгааны үр дүн, тайлан мэдээг олон нийтэд мэдээллэсэн үү?

Бид үр дүнгээ олон нийтэд мэдээллэсэн. Яг одоо бид 21 аймагт судалгааны үр дүнгээ аймгийн  төвийн төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдад мэдээлэн ажиллаж байна. Хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэл гамшигийн хэмжээнд хүртлээ өссөн байна. Энэ талаар л мэдээллийг өгч өөрсдийгөө, эргэн тойрныхоо хүмүүсийг хүчирхийллээс хамгаалаарай л гэж ярьж, хэлж ойлгуулж явна.

Хүчирхийллийн асуудлыг шийдье гэвэл хүн өөрөөсөө л эхлэх ёстой, ойр тойрноосоо л эхлэх ёстой. Сонссон мэдээллээ дамжуулъя, хэлье. Хоорондоо холбоо харилцаатай байцгаая.

Олгой хагаравч тогоон дотроо, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн хэт аминч үзлээсээ салж чадвал гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, энэ төлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад хүний амийг аврах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Мөн бие биентэйгээ ярихгүй, өөрсдийгөө ойлгуулж чадахгүй, дутуу ойлголцох зэрэг нь даамжирвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг шалтгаан болдог. Тиймээс хоорондын харилцаагаа сайжруулах, ярилцах, цахим орчинд бага цаг зарцуулж гэр бүл, хань, үр хүүхэддээ цаг гаргах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бас нэг арга гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Ярилцсан: Т.БАЛХААЖАВ

Эх сурвалж: ХЗДХЯ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
608999
7 эможи

Зочин
2019-10-08 13:23
keyboard_arrow_up