ХУД-ийн нэгдсэн эмнэлэг хүүхдэд ээлтэй орчин бүрдүүллээ
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт "Shangrila phase 2" төсөл амжилттай хэрэгжиж байна. “Samsung C&T” корпраци, “MCS Property” ХК болон төслийг хэрэгжүүлэгч “SCTM” компаниуд хамтран тус дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт эрчимт эмчилгээ, хүүхэд саатуулах, хүүхдийн тоглоомын өрөөг тус тус шинээр байгуулан засвар хийж, бүрэн тохижуулсан байна.
Мөн хүүхдийн сургалтын материал болон шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, зориулалтын хөдөлгөөн заслын тренежёр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөнд яаралтай тусламж үйлчилгээг зөөвөрлөхгүйгээр үзүүлэх зорилгоор зүрхний монитор, отсос, утлагын аппарат, цахилгаан шприз зэрэг тоног төхөөрөмж зэргээр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүллээ. Төслийн нээлтийн улаан тууз хайчлах үйл ажиллагаа 2014 оны 10-р сарын 10-ны өдөр буюу өнөөдөр Нэгдсэн эмнэлэгт болж өндөрлөлөө.
Энэ талаар тус үйл ажиллагааны ерөнхий гүйцэтгэгчдийн нэг MCS Property ХК-ын захиргаа, хүний нөөцийн ажилтан хэлэхдээ "Манай төсөл маань хүүхдэд чиглэсэн хэрэгцээтэй сайн үйлийн аян хийхээр 2013 оноос эхлэн ХУД-ийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. 2014 оныг эх хүүхдийн жил болгон зарласантай холбогдуулаад манай төслөөс тус эмнэлэгийн хүүхдийн тасгийн 4-5 өрөөг засаж тохижуулан эмнэлэгийн нэн хэрэгцээт тоног төхөөрөмжийг нийлүүлэн өнөөдөр хүлээлгэн өгч байна. Ерөнхийдөө бид 70 орчим сая төгрөгийн төсөвтэйгөөр ажиллаж байна" гэлээ.