МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр: МОХ улс төрийн намаас хараат бус байгууллага
Монголын ууган ТББ-ын нэг Монголын оюутны холбооны хоёр жилд нэг удаа болдог чуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд залуусын гэх тодотголтой Дархан хотод зохион байгуулагджээ. Энэ удаагийн чуулганы ирц 90,6 ирцтэй болсон бөгөөд төлөөлөгчдын олонхийн саналаар МОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Батбаяр, дэд ерөнхийлөгчөөр Д.Батчулуун, Н.Санчирбаатар нар сонгогдсон байна.
Шинээр сонгогдоод буй ерөнхийлөгч Д.Батбаяраас цөөн асуултанд хариулт авсан юм.
-МОХ санхүүгийн хувьд оюутанууд, олон нийтэд хэр нээлттэй байдаг вэ?
-Монголын оюутны холбооны орлого бол тодорхой байгаа. Виза картыг боловсролын сайдын тушаалын дагуу төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага хэрэгжүүлснээрээ тодорхой хэмжээнд шимтгэл авдаг. Гадуур яриад байгаа шиг виза карт тараах тийм амар зүйл биш. Нэг карт хэвлэлтнээс гараад оюутанд очих хүртэл олон шат дамжлагаар очдог. Мөн визаг тараахад ажиллаж байгаа хүмүүсийн цалин гээд олон зардал гардаг. Үүнээс гадна сайн дурын олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Түүнээс биш тодорхой төсөв бол байхгүй. Оюутнуудад болоод олон нийтэд бидний үйл ажиллагаа бол нээлттэй байдаг.
-Танай байгууллагад улс төрийн намын оролцоо байдаг уу?
-Өнгөрсөн амралтын өдөр болсон чуулганы үеэр гаднаас нэр дэвшихээр уг чуулганыг бусниулахаар намын төлөөлөлтэй хүмүүс ирсэн. МАН, АН, МАХН улс төрийн намууд оюутуудынхаа сонголтонд битгийн хөндлөнгөөс нөлөөлөөчээ гэж хэлмээр байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагаагаараа оюутнуудын саналыг авах хэрэгтэй. Монголын оюутны холбоо бол нийт оюутнуудын язгуур эрх ашгийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаанд оролцдог байгууллага цаашид ч оролцох болно. МОХ аливаа нэг улс төрийн намыг дэмжээд өгөөч гэсэн зүйл ярьж байгаагүй цаашид ч ярихгүй.
-Танай үе үеийн удирдагчид МАН-ын хүмүүс байсан гэх хүмүүс байдаг?
-МОХ 70 жилийн түүхтэй байгууллага. Манай байгууллагын үе үеийн удирдлагуудад бүх намд ажилладаг хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл манай байгууллагад ажиллаж байгаад улс төрийн аль нэг намд орж ажилладаг. Одоогийн УИХ-д манай байгууллагад ажиллаж байсан бүр ерөнхийлөгч хийж байсан хүн ч байгаа. Миний хувьд бол МУБИС-ын оюутан аль нэг намын гишүүн биш, жирийн оюутан байгаа. МОХ бол ямар нэгэн улс төрийн намаас хараат бус байгууллага гэж хэлмээр байна.