Их хэмжээний улаан чулуу хилээр гаргахыг завджээ
Байгалийн үнэт улаан чулууг их хэмжээгээр хилээр гаргахыг завджээ. Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд зорчигч тээвэрлэн явсан 6363-УБЗ, 2020-ӨМА, 2482ӨМА, 1892-ӨМӨ, 7273-ӨМӨ улсын дугаартай 5 автомашинд үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар 2020-ӨМА тээврийн хэрэгслийн жолооч, иргэн Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны савны дотор нуусан, 2482-ӨМА жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуусан, 1892-ӨМӨ жолооч иргэн П нь байгалийн үнэт 10кг чулууг тос маслын саванд нуусан, 7273-ӨМӨ тээврийн хэрэгслийн жолооч иргэн Н нь байгалийн үнэт 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан зэрэг үйлдлийг илрүүлсэн байна.
Мөн иргэн М нь 6363-УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиныг давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглох, тээврийн хэрэгслийн ханын доторлогооны цаана нуух зэргээр байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан зэрэг үйлдлүүдийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.