Телевизүүд эхнээсээ Солонгос киноноос татгалзаж эхэллээ
Монголд, ялангуяа монгол хүүхэд залуусын соёлын амьдралд асуудал болоод буй солонгос киноны талаар иргэд идвэхтэй шүүмжлэх болсон юм.
Монгол айлын хойморын цэнхэр дэлгэцийг эзэгнэсэн Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим, элдэв янзын нэвтрүүлгийг солонгос соёл урлагийн гоё сайхантай холбон итгэн үнэмших хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм юм орчуулан хүргэж буй монгол уран бүтээлчдийг буруутгадаг.
Үнэндээ, Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим нь маш хямд учраас санхүүгийн чадвар муутай Монголын телевизүүдэд их жийрэг болдог юм. Гэтэл, үүнтэй зэрэгцэн “соёлын колоничлол” гэх асуудал тавигддаг ажээ. Товчоор хэлбэл, энэ нь дараах хоёр сөрөг үр дагавартай гэнэ. Үүнд:
Нэгдүгээрт, соёлын колоничлол нь тухайн орны эдийн засагт ихээхэн хохиролтой ажээ. Үүнийг Монголоос тодорхой харж болно. Солонгос соёлын нөлөөллөөс шалтгаалан монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч биш, харин гадны соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг (солонгос кино, хувцас, дуу хөгжим, хоол, гоо сайхны бараа, электрон бараа гэх мэт) худалдан авч, олсон жаахан валютаа гадагш хий дэмий урсгадаг ард түмэн болжээ.
Хоёрдугаарт, энэ нь тухайн ард түмний оюун санаа, цаашилбал улс төрд нь шууд нөлөөлөх ид шидтэй зэвсэг юм. Өөрөөр хэлбэл, энд тухайн үндэстний тусгаар тогтнолын асуудал гарч ирнэ. Монголд солонгос соёлын үр нөлөө нь эр эм нь мэдэгдэхгүй, зэвүүн царайлсан залуусын гадаад өнгө төрх бус, харин тэдний тархинд үржиж буй “харийн вирус” юм. Тэдгээр залуусын толгойд “солонгос хөгжим гоё”, “солонгос хүн хамгийн гоё, хамгийн ухаантай”, “солонгос боловсрол хамгийн сайн”, “солонгос хоол хамгийн амттай”, “Өмнөд Солонгос бол ертөнцийн төв” гэх хуурмаг төсөөлөл сууж байгаа.
Тэгвэл, саяхнаас ССАЖЯ иргэд, монгол кино урлагийн төлөөллүүдийн зүгээс тавьсан шаардлага, саналыг хүлээн авч, төрөөс кино урлагийн талаар цаашид баримтлах бодлого, Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг хүүхэд, залуус, иргэдэд сурталчлан таниулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг Монгол агуулга бүхий уран бүтээлээр хангахад чиглэгдсэн контентийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Сонирхолтой нь, ССАЖЯ-ны энэ бодлогыг манайдаа хамгийн их Солонгос кино гаргадаг, Солонгос соёлд үнэнч гэх манай телевизүүдийн зүгээс хүлээн зөвшөөрч эхэлжээ. “MN 25-р ТВ”-ийн шинэ захирал А.Энх-Амгалан гэх залуу саяхан “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө ССАЖЯ-ны энэ бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр:
“Энэ асуудал дээр төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Солонгос кино бүх сувгаар ингэж замбараагүй гарах ёстой юм уу? Ард түмэн солонгос кинонд тархиа угаалгаад, уусаад дуусах нь. Манай телевиз аль болох солонгос киноноос зайлсхийх бодлого барьж байна. Өөр улс орны соёлыг таниулъя л даа. Тэр орныг хангалттай л сурталчиллаа. Өөр ертөнц байгаа шүү дээ. Монголчууд өөр ертөнцийг хүлээн авах орон зай тархиндаа үлдээхгүй, бүгд иймэрхүү сэтгэлгээтэй байвал хөгжиж дэвжихгүй” хэмээн хэлжээ.