Үддэг амсартай уутанд 4,5 тэрбумыг төсөвлөсөн гэв үү?

2014 оны 3 сарын 31

 “Азийн цагаан дагина” гэх нэртэй ногоон уутны барааг 2013 оны 10 дугаар сард нийслэлчүүд харж, тэр цагаас хойш бидний хэрэглээнд ороод таван сар болж  байна. Яахав сансаныг бодоход иргэд энэ уутанд аар саархан хогоо хийж, ачуулаад л байна. Гадаадын өндөр хөгжилтэй улсуудад хар, шар мэтийн өнгөтэй зориулалтын  хогны уут байдаг. Үнэхээр их хот болж байгаа нийслэлд зориулалтын хогны уут хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Гол нь энэ ажил хэн нэгний халаасыг түнтийлгээд байгаа юм биш биз гэсэн хардалт өөрийн эрхгүй хүн бүрт төрүүлээд байгаа юм.

Тухайн үед хотын удирдлагуудын хэлснээр “Азийн цагаан дагина”-ыг тарааснаар өчнөөн жил цэвэрлэж чадаагүй хур хогийг хуу хамж, нийслэл маань богино хугацаанд хир, буртгаасаа салах байв. Мөн тус уут нь эко гэдгээрээ энгийн уутнаас ялгаатай гэж байсан. Яагаад гэхээр энгийн уут байгаль дээр 200 жил болж, ялзралд ордог бол “Азийн цагаан дагина”-ын байгалд шингэх хугацаа тун богино гэж байсан. Гэтэл одоогоор хотын нэг ч иргэн ялзарсан уутыг үзээгүй л байна. Эсвэл жирийн нэг уутыг ногоон өнгөөр будаад эко гэж нэрийдсэн ч байж болох.

Нийслэлийн хэрэглээнд ороод таван сар болохдоо тус уут гурав дахиа шинэчлэгдчихээд байгаа юм. Нийслэлээ цэвэрхэн болгочих гэсэн хотын удирдлагуудын санааг ойлгож байна. Гэвч “Азийн цагаан дагина” уут нь өөрөө хог болоод байгааг иргэд сайн мэдэж байгаа. Гэвч эрх мэдэлтнүүд энэ асуудлыг үл тоож, зоосны нүхээр харах болсон нь хэний ч өмнө ил боллоо.

Удирдах албан тушаалтнуудын  ярьж буйгаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн таван хорооны 14 мянга гаруй өрхөөс 725-ыг нь судалгаанд хамруулсан байна. Энэ ажилд хамрагдсан нийт иргэдийн 75 хувь нь “ногоондоо” хогоо хийж хэвшсэн гэнэ. Хог хаягдлыг л багасгах гэж энэ уутыг тараасан. Үр дүнгээ өгч байна гэж тэд яриад байгаа.

Тэд нарын хэлснээр айл өрх, албан байгууллагууд хогоо зориулалтын уутанд хийгээд хэвшиж байгаа бол сайн байна. Гэхдээ газар дээр нь гэр хороололд зав гаргаад заавал нэг очоод үзэх хэрэгтэй. Анхнаасаа уутаа үйлдвэрлэхдээ даац сайтай, зузаан гэх зэрэг наад захын чанарын шаардлагыг бодолцсон бол өөр. Үнэндээ хашаа, байшинд амьдарч байгаа иргэд үнс, хашааныхаа хог, шороог цэвэрлээд хийчихье гэхээр урагдаж, цоороод даадаггүй. Үүнээс болж хогоо ачуулж байгаа айлууд ногоон уутанд биш нүүрсний шуудайндаа хог, хаягдлаа хийж ачуулсаар л байна. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй уутны зардал 1425 төгрөг. Сар бүр өрхөөс хогны хураамжинд 2000-2500 төгрөг авдаг. Үүний тал хувийг нь уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэнэ. Иргэдээс авдаг хогны сарын хураамж нийлээд нийслэлийн төсөвт таван тэрбум гаруй төгрөг төвлөрүүлдэг гэсэн.

2013 оны 10 дугаар сараас 317131 өрхөд сар бүр 15 ширхэг ногоон уут тараасан байна. Өнгөрсөн хугацаанд уут үйлдвэрлэх эрх авсан “ОБ ПЛАСТИК”, “Монгол хэвлэл” компаниудын нийслэлийн өрхөд шаардлагатай 33,3 сая ширхэг уутыг энэ оны нэгдүгээр сарын 15-ны дотор үйлдвэрлэн тараажээ. Энэ хугацаанд иргэдийн гомдлын дагуу уутны хэмжээг 80х45 байсныг 65х45, зузаан нь 2,5 байсныг 0,5 микроноор нэмэгдүүлж, өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн үйлдвэрлэсэн байдаг. 3,1 тэрбум хөрөнгө зарсан эл уутыг тараах ажил өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 90,8 хувьтай явна. Харин ахин шинэчлэгдэх болсон уут нь дээрээ бариултай биш амийг нь зангидаж боох зориулттай хийгдэх аж. Тэгвэл энэ уутыг нийт 33 мянга 500 өрхөд тараах бөгөөд ирэх сараас эхлэн он дуустал иргэд рүү явах уутанд 4,5 тэрбум төгрөг төсөвлөнө гэсэн тооцоо гарчээ. Энэ бол байж болохгүй тоо. Энэ хөрөнгөөр иргэдийн яриад байгаа эмнэлэг, сургуулийг барьж байгуулах хангалттай боломжтой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар 12897 эх амаржиж, 12972 эх эсэн мэнд амаржиж байна гэсэн тооцоо гарсан. Дэндүү цөөхүүлээ бид бүл нэмж байгаа нь таатай хэрэг. Хоёрхон сарын дотор Монголын хүн ам 130 мянга орчмоор нэмэгдэж байгаагаас харвал төрөх эмнэлэг, сургуулийг нэмэх шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Тиймээс эрх мэдэлтнүүд “Азийн цагаан дагина”-аараа бизнес хийлгүй, иргэдийнхээ төлөө өнцгөөс харах цаг нь ирэх байх гэж найдья. Хогны уут үддэг амсаргүй байсан ч  хэн ч асгачихгүй хогоо зангидаад хийчэх боломжтой гэдгийг бүгд мэдэж байгаа. Магадгүй нийслэлийн удирдлагууд “Гурван сарын дараа амсарыг нь цахилгаанддаг уут хийнэ, төчнөөн тэрбум төгрөг” гэж татвар төлөгчдөөс нэхэж мэдэх нь.

Нийслэлийг хоггүй болгох нэрээр халаасаа дүүргэж буй удирдах ажилтнуудын үйлдэл цаанаа иргэдийг тоо мэдэхгүй гэж дамшиглаж байгаа хэрэг биш үү. Хоёр давхар 160 хүүхдийн багтаамжтай сургууль барихад 3,5 тэрбум төгрөг хангалттай гэсэн судалгааг мэргэжлийн байгуулага гаргасан байна. Гэтэл 4,5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж буйг зүгээр хараад, чихээ хаагаад өнгөрч боломгүй санагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
975
0 эможи
keyboard_arrow_up