Ц.Пүрэвдорж: Иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно

2014 оны 3 сарын 31

Засгийн газраас долоо хоногийн  даваа гаригт зохион байгуулдаг "Бүтээн байгуулалтын цаг" уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд оролцож, мэдээлэл өгсөн юм. Тус газраас олгодог бүртгэл, лавлагааны бүх баримт бичгийг ТҮЦ машинтай холбосноор иргэд заавал биечлэн ирж үйлчилгээ авах шаардлагагүй болсон  байна. Өнгөрсөн хугацаанд 160 мянга гаруй иргэн ТҮЦ машинаар дамжуулан иргэний болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээ авсан нь тус байгууллагын ачааллыг ихээр хөнгөвчилсөн гэдгийг тэд онцолж байлаа.

Энэ талаар УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржоос тодрууллаа.  

-Танай байгууллагыг хамгийн чирэгдэл ихтэй газар гэх шүүмжлэл тасардаггүй. Энэ талаар ямар өөрчлөлт хийж байна вэ?

-Бид олон шинэчлэл хийхийг зорин ажиллаж байна. Тухайлбал, мөнхийн дараалал үүсч иргэдийг бухимдуулдаг байсан лавлагаа мэдээллийг ТҮЦ машинаар олгох болсон нь манай байгууллагын ачааллыг бууруулахаас гадна иргэдийг цаг завыг хэмнэж буй юм. Мөн 21 аймгийн бизнес эрхлэгчид  лавлагаа мэдээллээ цахимаар авах боломж өнөөдрөөс бүрдэж байгаа. Мөн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулагч, төрийн бус байгууллагын эзэд төрийн үйлчилгээний цахим машинд хурууны хээгээ уншуулаад бүртгэлийн мэдээллээ авах юм. Ингэснээр өмнө нь гурав хоноод гардаг байсан мэдээлэл ердөө гурван минутын дотор иргэдэд хүрдэг болсон.

 -Иргэний цахим үнэмлэхээ хаясан тохиолдолд уг машинд бүртгүүлэх боломжтой юу?

-Хуулийн этгээдийн лавлагаа мэдээллийг ч түц машинаас авдаг болсон.  Иймээс УБЕГ-ын бүх лавлагаа мэдээллүүд төрийн үйлчилгээний цахим машинтай холбогдсон. Энэхүү үйлчилгээг нээхээр сүүлийн гурван жил баримтыг бэлдэж, цахим хэлбэрт оруулсан. Мөн иргэний үнэмлэхээ хаясан, гээсэн иргэд цахимаар захиалах боломжыг бүрдүүлж өгнө. Уг ажлын бэлтгэл хангагдаад дуусч байна.

-Иргэний бүртгэлийн үйлчилгээг хорооноос авах боломж бүрдэж байгаа юу?

-Бүртгэлийн анхан шатны нэгж буюу хороодоос иргэний бүртгэлийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулахаар УБЕГ Нийслэлийн засаг даргатай хамтраад ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу ирэх сарын 15 гэхэд нийслэлийн 42 хорооноос улсын бүртгэлийн 16 үйлчилгээг хүргэнэ. Тэгэхээр  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх, гэрлэлтийн болон төрсний бүртгэл, иргэний үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг хорооноос авч болох юм. Эхний ээлжинд 42 хороонд энэ үйлчилгээг нэвтэрүүлж байна. Харин нэ ондоо багтаагаад бүх хороогоор олгодог болно.

-Бүртгэлийн лавлагааг гэрт хүргэдэг үйлчилгээ нэвтрээд байна. Энэ үйлчилгээг иргэд хэрхэн авах боломжтой вэ?

-УБЕГ-ын  олгодог бичиг баримтыг иргэний захиалгын дагуу гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Одоогоор баталгаат шуудангаар дамжуулан гадаад паспортыг хаягаар хүргэж байна. Цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан"-ын үйлчилгээгээр, иргэний хүсэлтээр хаягаар нь хүргэдэг болгоно. Нийслэлийн иргэд 3500 төгрөгөөр тухайн бичиг баримтаа хүргүүлэх захиалгаа өгнө. Тэгэхээр бүх төрлийн бичиг баримт, гэрчилгээний лавлагааг иргэд хүргэлтийн үйлчилгээгээр авах боломжтой гэсэн үг.

-Бүртгэл хийлгэх, лавлагаа авахад иргэдээс маш олон төрлийн бичиг баримт шаарддаг. Энэ талаар ямар шинэчлэл хийдэж байна вэ?

Мөн  энэ онд эрх зүйн шинэтгэл хийнэ. Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх юм. Бүртгэлийн үйлчилгээ цахим байх, бүртгэл хийлгэхэд иргэнээс шаарддаг бичиг баримтын тоог цөөлж үйлчилгээний шат дамжлага, цаг хугацааг багасгах, бүртгэлийн үйлчилгээнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэхэд эрх зүйн шинэчлэлийн гол зарчим чиглэсэн байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд илүү амар хялбараар хүргэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
971
0 эможи
keyboard_arrow_up