Б.Батхүү: Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг ирэх сард хэлэлцүүлнэ

2014 оны 3 сарын 31

Монголын талаас Асгатын мөнгөний ордод хүрэх 7.3 км зам, 72.8 метр урт бетон гүүрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Асгатын мөнгөний ордын хайгуулыг Монгол, Оросын эрдэмтэд хамтран хоёр удаа хийсэн юм. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Тэгэхдээ Монголын тал 51, Орос 49 хувийг эзэмших ажээ. Ингээд Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс Баян-Өлгий аймагт орших Асгатын мөнгөний ордыг хэзээ, хэрхэн ашиглах талаар тодрууллаа.

Асгатын мөнгөний ордыг энэ жилээс эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн. Хамтарсан компани байгуулах асуудал юу болсон бэ?

Энэ жилдээ амжихгүй. Эдийн засгийн эргэлтэд бол оруулна. Энэ нь юу вэ гэхээр Монгол, Оросын хамтарсан "Монголросцветмет" компанид лиценз нь бий. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулах боломжгүй байна. Учир нь, жоншны борлуулалт буурсан тул хөрөнгө мөнгөний асуудал үүсч эргэлтэд оруулж чадахгүй байгаа. Ийм учраас бид тусад нь хамтарсан  компани байгуулъя гэж Оросын талд тавьсан. Тэгээд Асгатын ордыг ашиглах санаачилга идэвхжүүлээч гэсэн юм. ОХУ-ын төрийн өмчит "Роснефть" компанийн ерөнхийлөгч Й.И.Сечинг саяхан ирэхэд дээрх саналаа хэллээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, "Монголросцветмет" компанийн хувь нийлүүлэгчдийн хуралд саналаа тавьсан. Асгатын ордын лиценз хоёр улсын хамтарсан компанийн мэдэл байгаа тул Монголын тал дангаараа шийдэх зохимжгүй юм.

Тэгэхээр энэ ордыг шууд ашиглаад явахад бэлэн гэсэн үг үү?

Судалгаа маш сайн хийсэн орд. Технологио сонгоод, үйлдвэрээ байгуулж, уурхай нээж болно. Хамгийн гол нь, хоёр тал идэвх санаачилгатай байх учиртай. Манай талаас Асгатын ордын ТЭЗҮ-ийг нь бэлэн болгохоор ажиллаж байна.

Асгатын орд өндөр уулархаг нутагт байдаг тул ашиглахад хэцүү гэдэг. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм бол?

Үүнийг одоо хэлэх хэцүү. ТЭЗҮ нь гарч ирсэн тохиолдолд тодорхой болно. Бид өөрт байгаа судалгаа шинжилгээний бүх материалаа ашиглан бэлэн болгоод Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм. ТЭЗҮ-ийг нь ирэх сард багтааж хэлэлцүүлэх төлөвлөгөө бий. Энэ сард хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарна.

 Монголын нутгаас тус ордод очих боломжгүй. Зөвхөн ОХУ-ын талаас очих ёстой гэдэг. Үүнийг яаж шийдэж байна вэ?

Монголын талаас Асгатын ордод очиж болдоггүй, заавал ОХУ-ын хил гарч очдог байлаа. Учир нь, маш өндөр уул, бартаа саад ихтэй юм. Ингээд манай улс хатуу хучилттай зам, гүүр тавьсан. Ингэснээр уурхай руугаа очих асуудал шийдэгдсэн. Одоо ТЭЗҮ-ээр технологи, цахилгаан, баяжуулах үйлдвэр, түүний хүчин чадал зэргийг шийднэ.

ОХУ тус ордыг ашиглах талаар ямар хариу өгч байгаа вэ?

Идэвх санаачилгатай байя, судлая гэсэн. Гэвч албан ёсны санал ирэх хугацаа нь арай болоогүй. Ирэх сард тодорхой санал ирэх байх гэж хүлээж байгаа.

Тэгэхээр уурхай яг хэзээнээс эхлэх төлөвлөгөө байна. Бүтээгдэхүүнээ хаана, хэнд борлуулах боломж байгаа вэ?

Уурхай ажиллах арай болоогүй одоохондоо хэн хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцээ хараахан бүрэн шийдээгүй байна. Мөнгөний үнэ дэлхийн зах зээлд өсч эхэлсэн. Гэвч хэд хэдэн шийдэх асуудал бий. Асгатын ордод маш олон элементийн нэгдэл байдаг. Түүнийг ялгаж, салгах шаардлагатай. Тухайлбал мөнгөнөөс гадна сурьма, зэс, холимог метал, кадми зэрэг элементтэй. Энэ бүгдийг тооцож, байж зах зээлээ тодорхойлно. Нүүрс, төмрийн хүдэр шиг их хэмжээгээр ачихгүй тул тээвэрлэлт нь гайгүй. Гэхдээ ОХУ, Хятадад зарах уу гэдгийг судалж л тогтооно.

Ийм олон элементийн нэгдэлтэй хүдрийг ямар технологиор яаж боловсруулах юм бол?

Дээхэн үед ийм олон нэгдэлтэй хүдэр боловсруулах технологи хэцүү, хүнд байсан. Одоо олон технологи гарч ирсэн. Дээр нь, адил төстэй хэд хэдэн газар бий. Тухайлбал, ОХУ, Хятад, АНУ-д Асгатын ордтой адилхан уурхай ажилладаг. Тэдэнд дээжээ өгч туршилт хийлгэнэ. Гэхдээ туршилтын дээж өгөх гэхээр лиценз эзэмшигч хамтарсан компани маань санхүүгийн хүндрэлтэй байна. Ингээд ажил урагшлахгүй байгаа. Иймд ажлаа идэвхижүүлье гэсэн санал тавьсан. Бид технологио тодорхойлохын тулд л ажлаа шуурхайлаад байгаа юм. Үүний тулд Оростойгоо хамтарч ажиллах шаардлагатай. Монгол талаас урьдчилаад ТЭЗҮ-ээ хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
969
0 эможи
keyboard_arrow_up