“Нарантуул”, “Барс” захуудын чингэлгийн үйл ажиллагааг хаалаа
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах, худалдааны төвүүдэд гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг хийжээ. Уг шалгалтын хүрээнд худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болоод захуудын орчин нөхцөлийг шалгасан байна. НМХГ-аас өнөөдөр шалгалтын явц, илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-аас "Нарантуул", "Барс", "Хархорин", "Меркури", "Эрдэнэбулган", "Энхжин", "Бөмбөгөр" зэрэг долоон зах, худалдааны төв болон 980 түрээслэгчийг шалгалтад хамруулсан байна.
Шалгалтаар нийт 59 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн байна. Нийт 446 зөрчил илэрч, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлд худалдаа эрхлэж байсан "Нарантуул", "Барс" захуудын павильон, чингэлгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 1-нээс түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.