Дугуй түгжигчийг эвдсэн тохиолдолд өртгийг гурав дахин өсгөж төлүүлнэ
НИТХ-ын төлөөлөгчид замын хөдөлгөөний дүрэм зөрчиж автомашинаа байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг зориулалтын дугуй түгжигч ашиглан түгжих журмыг сар гаруйн өмнө баталсан. Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган хүний зорчих хэсэг, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжиж байгаа. Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлж байгаа аж. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм байна. Иргэд зөрчил гарган тээврийн хэрэгслийнхээ дугуйг түгжүүлсэн тохиолдолд “Жолооч талын урд дугуйг түгжиж, хажуу талын цонхон дээр таны машиныг түгжлээ, “Та 93097001,93097002 дугаарын утсанд холбогдож тайлуулж аваарай” гэсэн санамж бичиг наасан” байх жишээтэй. Мөн төлбөрийг газар дээр нь картаар болон бэлнээр тушаах бүрэн боломжтой байх юм. Хэрвээ дугуй түгжигч ашигласны хураамжийг бэлнээр өгсөн тохиолдолд тухайн жолоочийн гар утсанд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Таны 20 мянган төгрөгийг дугуй түгжүүлсний үйлчилгээний хураамжид хүлээж авлаа” гэсэн мессеж тусгай дугаараас очих юм байна. Түүнчлэн жолооч дугуй түгжигчийг эвдсэн тохиолдолд дугуй түгжигчийн өртгийг гурав дахин өсгөж төлүүлэхээр журамд заажээ. Гэвч иргэд дугуй түгжих ажлыг таашахгүй байгаа. Олонхи жолооч “Нийслэлд машинаа тавьчих зогсоол байхгүй, ихэнх зогсоол нь аж ахуйн нэгж, албан байгууллагын харьяалалтай байдаг. Мөн зарим нэг нь хэт өндөр төлбөртэй. Ажлаа амжуулах гэж яваад ойролцоох зогсоолд тавьчихаар дугуй түгжигчээр түгжчихсэн байдаг. Холбогдох утас руу нь залгахаар хэдэн цагийн дараа ирдэг” гэх гомдол гаргасаар байгаа. Эл асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.
С.Батхүү: Хорин мянган төгрөг бидний хувьд их мөнгө
-Нийслэлд автомашины зогсоол байдаггүй. Гадуур яаралтай ажил амжуулах гээд албан байгууллагуудаар явах гэхээр машинаа зайлшгүй тавих шаардлага тулгардаг. Өмнө нь машин ачиж яваад, журмын хашаанд хийдэг байсан. Харин одоо машины дугуй түгжээд эхэллээ. Саяхан“Өргөө” кино театрын урд талбайд машинаа тавьсан чинь дугуй түгжчихсэн байна лээ. Тэгээд дугуй түгждэг хүмүүс руу ярихад“Бид завгүй байна. Хоёр цагийн дараа очно. Ажлын цаг дуусвал таны машиныг тусгай зориулалтын ачигч чирэгч автомашинаар журмын хашаанд хийнэ. Та бүх хураамжийг төлөх ёстой шүү” гэсэн. Тэдэнтэй олон дахин ярьсны хүчинд цагийн дараа ирсэн. Эдийн засаг хямралтай байхад Э. Бат-Үүл дарга дандаа иргэдийнхээ эсрэг захирамж гаргаж байна. Хорин мянган төгрөг бидний хувьд их мөнгө. Иймэрхүү санал гаргахдаа иргэдээс санал авах ёстой шүү дээ.
Д.Эрдэнээ: Дэлхийн жишигт нийцсэн автомашины зогсоолыг хотын төвд барих хэрэгтэй
-Автомашины зогсоол байвал жолооч нар хөдөлгөөнд саад учруулахаар газар машинаа тавихгүй шүү дээ. Сүүлийн үед НИТХ-ын тэргүүлэгчид иргэдийнхээ халаасыг хэрхэн хоослох вэ гэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Автомашин тавих зогсоолгүй байж дугуй түгжиж мөнгө авч болохгүй. Нийслэлд хот төлөвлөлт гэж байхгүй байна. Барилга барихаас биш автомашины зогсоол барьдаггүй. Дэлхийн жишигт нийцсэн автомашины зогсоолыг хотын төвд барих хэрэгтэй. Иргэдээс сард хэдэн төгрөгийн хураамж аваад, өглөө ажилдаа ирэхдээ машинаа тавиад орой авчих зарчмаар ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах бөгөөд гүйцэтгэлийг гэрээ байгуулсан дөрвөн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа аж. Энэ талаар тус төвийн олон нийттэй харилцах ажилтан А.Мөнхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Дугуй түгжигчийг ашигласнаар ямар давуу талууд гарч байгаа вэ?
-Манай төвд“Зориулалтын ачигч автомашинуудын зөөж шилжүүлж байгаа үйлчилгээний хураамж хэт өндөр байна” гэсэн иргэдийн гомдол санал их ирдэг байсан. Энэ саналын дагуу НИТХ-аар өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дугуй түгжигч ашиглах журам баталсан. Дугуй түгжигч ашигласнаар автомашин ачдаг үйлчилгээний хураамж болох 70 мянган төгрөг 20 мянга болж багасч байна.
- Дөрвөн байгууллага нийт хэчнээн дугуй түгжигч ашиглаж байна вэ. Дугуй түгжигчийг ашиглах газруудыг хэрхэн тогтоож байгаа вэ?
-Нэг байгууллага ойролцоогоор 50 ширхэг гэхээр нийтдээ 150-200 дугуй түгжигчийг журмын дагуу ашиглаж байгаа. Эхний ээлжид Бага тойруу, Сөүлийн гудамжнуудад 08.00-17.00 цагийн хооронд дугуй түгжигч ашиглана. Дурдсан цагуудад тусгай тоноглолын ачигч автомашинууд ажиллахгүй буюу зөөж шилжүүлэхгүй, дугуй түгжигч ашиглана. 17.00 цагаас хойш тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ямар нэгэн байдлаар сэвтүүлэхгүй байдлыг харгалзах үүднээс тусгай тоноглолтой авто машинууд журмын хашаа руу тэдгээр дугуй түгжигчээр цоожлуулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ.
-Энэ тохиолдолд дугуй түгжигч, ачилтын мөнгийг давхар төлөх үү?
-Тэгнэ. Хэрвээ 17.00 цагаас өмнө дугуй түгжигчээ тайлуулаагүй тохиолдолд ачилт хийлгэсэн бол зөөж шилжүүлэх үйлчилгээний төлбөрөө давхар төлнө.
-Үйлчилгээний хураамжийг хэрхэн төлөх вэ?
-Бэлэн, бэлэн бусаар үйлчилгээний хураамжийг төлөх боломжтой. Та картаар мөнгөө уншуулаад төлбөрөө төлж болно. Мөн бэлнээр мөнгөө өгч болно. Ойролцоох банкинд төлбөрөө төлөөд баримтаа өгч болно. Иргэдийн дунд төлбөрийг бэлнээр авахаар улсын байгууллагад орохгүй, техникийн ажилтан, жолооч дундаас нь мөнгө завших боломжтой гэсэн буруу ойлголт байдаг. Одоо тийм асуудал үүсэхгүй.