Барилгын ослыг бууруулахад иргэн таны ч оролцоо хэрэгтэй

2014 оны 10 сарын 01

Сүүлийн үед барилгын салбарт осол ойрхон гарч хүний амь нас эрсдсэн тохиолдол гарах болсон. Ослын 80 орчим хувь нь өндрөөс унаж амь насаа алдсан гэх тоо баримт бий.

Үүнтэй холбоотойгоор Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй” сэдэвтэй хэлэлцүүлэг 09 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/, Хөдөлмөрийн яам /ХЯ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Стандар хэмжилзүйн үндэсний төв СХЗҮТ/, Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо МБҮЭХ/ зэрэг төрийн байгууллага, Монголын Барилгачдын холбоо, Монголын Барилгын үндэсний ассоциаци, “Вагнер Ази”  зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Ингээд зөвлөгөөнд оролцогсдын санал бодлыг хүргэе.

МХЕГ-ын Хөдөлмөр хамгаалалын хэлтсийн дарга Б.Буяннэмэх:

2014 оны 09 сарын 08-ны өдрийн байдлаар нийтдээ 205 удаагийн үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэнээс 222 хүн өртөж, 23 хүн нас барж, 13 хүн тахир дутуу болж, 183 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэсэн судлагаа гарсан. Уг тоон судалгаанд сүүлийн үед барилга дээр гарсан ослууд ороогүй байгаа. Учир нь уг ослуудыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Ер нь МХЕГ -аас “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн хүрээнд хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангах зорилготойгоор  хяналт шалгалт зохион байгуулдаг. Өнөөдөр ч ялгаагүй Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх барилгууд дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтаа, БХБЯ-ны холбогдох мэргэжилтнүүдийн хамт хийгээд явж байгаа.

“Вагнер Ази Төхөөрөмж ХХК”-ийн Аюулгүй ажиллагааны сургалтын ахлах ажилтан, сургагч багш Т.Долгор

“Барилгын томоохон компаниуд  жижиг компани, туслан гүйцэтгэгчтэй хамтарч ажиллахдаа аюулгүй ажиллагааны талаар гэрээндээ тусгах, сургалтад хамруулах тал дээр анхаарч үздэггүй учраас осол гарах шалтгаан болж байна гэж үзэж байна.

Манай сургалтад хамрагддаг хөдөлмөр хамгааллын инженерүүд тухайн салбарын аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн хууль, журмыг маш сайн мэддэг хэдий ч бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй нь харагддаг”

Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Батцогт:

2012 оноос БХБЯ-ны агентлаг Барилга Хөгжлийн төв, Барилгачдын холбоо, Барилгачдын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хөдөлмөр хамгаалалын “Цэнхэр карт” хөтөлбөрийг зохион байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженерүүд болон талбайн даамлууд нийт 1450 хүнийг сургалтанд хамруулсан. Үүний үр дүнд ослын тоо буурсан. Барилга дээр осол гараад байгаагийн гол шалтгаан нь ажил олгогчдын хариуцлагатай холбоотой. Үүнийгээ БХБЯ, МХЕГ зэрэг төрийн байгууллага руу хамруулах шаардлагүй юм. Хууль эрхзүйн орчин хангалттай бий. “Барилгын нийт төсөвт өртгийн 131,6 хувийг хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой” гэж заасан байгаа. Ер нь бол бүх үүрэг хариуцлагыг ажил олгогч байгууллага хариуцах учиртай. Барилгын үйл явцыг талбайн даамал хариуцана. Өдөр тутам, цаг тутамд хөдөлмөр аюулгүй ажиллагааг шалгаж байх учиртай. Зөвхөн ашиг харсан хүмүүсээс болж осол гарч байна.

БХБЯ-ны Барилга, барилгын материал бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба:

Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Өнгөрсөн онд 20400 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ оны 9-р сарын байдлаар 15000 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Монгол Улсын түүхэнд ийм олон орон сууц ашиглалтад орж байсан удаагүй.

Энэ хэмжээгээр барилгын салбарт ажиллагсдын тоо өсөн нэмэгдэж байгаа. Гэвч ослын тоо харьцангуй буурсан. Тухайлбал: Энэ оны байдлаар барилгын осол 2012 оноос дөрөв дахин, 2013 оноос хоёр дахин буурсан.

БХБЯ-наас хяналт шалгалтын ажлыг олон ч удаа хийж акт баримт гаргасан. Осол гаргаагүй цагаа тооцоодог явдаг барилгын цөөнгүй компаниуд бий. Харин жижиг туслан гүйцэтгэгч компаниуд ажлын хариуцлага алдаж, хүний амь нас хохироож байгаа нь салбарын нэр  хүндэд нөлөөлж, МХЕГ-ыг ажлаа хийгээгүй мэтээр ойлгодог байдал манайд ихээхэн газар авч байна.

Монголын барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар

“Сүүлийн үед барилгын ажил ялангуяа орон сууц барих ажлыг захилагч, хөрөнгө оруулагчдын хувьд аль болох хямд зардлаар барьж, өндөр үнээр зарахыг эрмэлзэх болсноос биш гүйцэтгэгчид шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөхгүй байгаа юм. Эдгээр осол аваар гаргаад байгаа гарын арван хуруунд багтах нэр бүхий компаниуд БХБЯ, МХЕГ-аас зохион байгуулдаг хөдөлмөр хамгааллын сургалтад сүүлийн 2 жилд огт хамрагдаагүй байх жишээний. Цаашдаа

Нэгдүгээрт: Монгол улсдаа нутагшуулсан олон улсын стандартыг мөрдөх

Хоёрдугаарт: Ажил олгогч болон туслан гүйцэтгэгч нар гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байх нь чухал байна.

Тиймээс бүх компаниудыг аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллаж байгаа эсэхийг байнга хянаж байх хэрэгтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9530
0 эможи
keyboard_arrow_up