Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.09.25- 2014.10.01/
Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг: Энэ төв ажилласнаар оюутнууд сурч байгаа мэргэжлээрээ туршлага хуримтлуулах давуу талтай
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 12 мянган оюутан хамрагдаад ажлын байранд зуучлуулсан байна. энэ бол сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах хугацааг хэмнэж өгч байгаа явдал. Мөн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж байгаа давуу талтай. Жилд дунджаар 40 мянган оюутан төгсч байгаа гэсэн тооцоо бий. Эдгээр оюутнуудын 40 хувь нь ажлын байраар хангагддаг. Бас нэг зүйл бол ажил олгогчид ажлын байраар хангахдаа ажилласан туршлага шаарддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “энэ оюутны хөдөлмөр эрхлэлт, бас цагийн ажил” хөтөлбөр явагдаад байгаа юм. Цагийн ажилд хамрагдсан оюутнууд тодорхой хэмжээний дадлага туршлагатай болно. Ажил олгогч нар үүнийг дэмжиж байгаа. /Нийслэл таймс 2014.09.26 171/1385/
Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга Д.Загдгочоо: Сургалтын цогц бодлого хэрэгжүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилд манай аймгийн сургууль цэцэрлэгүүд, багш нар, боловсролын салбарынхан их амжилт бүтээлтэй ажилласан. Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын салбарт дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулж ажилласан. “Цахим сургалт-Цахим сургууль” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулж, хагас тэрбум орчим төгрөгийг аймаг орон нутгаасаа зарцуулж компютержүүлэх, өндөр хурдны интернетэд холбох ажлыг эхлүүллээ. Бүх сургууль цэцэрлэгүүдээ автобустай болгох ажлыг аймгуудаас анх удаа зохион байгуулав. Авъяас хөтөлбөрийн хүрээнд аймгаараа шатарчин болох хөдөлгөөнийг өрнүүлж, аймгийнхаа бренд ажил болголоо. Мөн эко сургууль болох аяныг өрнүүллээ. Манай сургууль, цэцэрлэгүүдийн улсдаа ялгарах онцлог бол сургууль цэцэрлэгийн орчин дахь эрүүл мэндийн багц бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа явдал. / Зууны мэдээ 2014.09.26 230 4857/