Хан-Уул дүүрэг 5 дахь жилдээ газрын төлбөрийн төлөвлөгөөг давуулан биелүүлж байна
Хан-Уул дүүргийн хувьд энэ жил 4 тэрбум 900 төгрөгийг улсын төсөвт бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус дүүрэг нь нэг, хоёрдугаар улиралд тухайн зорилтоо давуулан биелүлсэн бол гуравдугаар улирлын тайлан одоогийн байдлаар эцэслэж дуусаагүй байгаа боловч өнөөдрийн байдлаар биелэлт 93 хувьтай явж байгааг дүүргийн газрын албанаас мэдээллээ.
2009 оноос хойш Хан-Уул дүүрэг нь төлбөрийн төлөвлөгөөг бусад дүүргүүдээс давуулан биелүүлж, төлөвлөгөө ёсоор хамгийн ихийг төлдөгөөрөө ялгарч, амжилттай ажиллаж байна. Тодруулбал, 2014 оны нэгдүгээр улиралд нэг тэрбум 289 сая төгрөгийг төвлөрүүлсэн нь 105,3 хувьтай, хоёрдугаар улиралд 2 тэрбум 470 сая төгрөгийг төвлөрүүлж 110,8 хувьтай төлөвлөөгөө давуулан биелүүлжээ.
Урьд оны үлдэгдэл болох 58 иргэн, аж ахуй нэгж байгууллагад 13,4 сая төгрөгийн алданги тавьж төсөвт төвлөрүүлсэн бол оны үлдэгдэлтэй аж ахуй нэгжээс 236,9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байгаа юм байна. Энэ нь нийт 64 аж ахуй нэгж байгууллага урьд оны үлдэгдлээ барагдуулсан гэсэн үг.
Харин төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн тулд дүүргийн газрын албанаас газрын төлбөрийн өмнө оны үлдэгдэлтэй иргэд, албан байгууллага, ялангуяа тусгай хамгаалалттай газар ашигласан тохиолдолд газрын төлбөр барагдуулахад цаг зав гарган ажиллаж байна. Мөн төлбөрөө төлөөгүй иргэдэд утсаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан газрын төлбөрөө төлөх талаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлжээ.