Автомашин борлуулагчдын төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр задгай талбайд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” А/980 дугаар захирамж гаргасан. Мөн энэ ажлыг хурдасгах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тухай 29 дүгээр тогтоол гаргасан юм. Тогтоол, захирамжийн дагуу цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1-ний дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэн, шилжүүлнэ.
Харин дээрх шийдвэртэй холбоотойгоор автомашин борлуулагчид “Худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дэмжиж байгаа ч өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай байгаа” гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Тиймээс ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүссэн юм.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр “Авто худалдааны төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хурлаар бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа тухай нарийвчилсан мэдээлэл авч, энэ асуудлаар 9дүгээр сарын 29 буюу ирэх даваа гаригт дахин борлуулагчидтай уулзана” гэлээ.
Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтаар автомашины худалдааны төвийн дулааны цэг, цахилгаан, оношилгооны төв, цайны газар, 00 зэргийг ашиглалтад оруулна гэдгийг тус цогцолборын удирдлагууд мэдээлж байгаа юм.
Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэсэн тооцоо байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.