Боловсрол, шинжлэх ухааны яамны 90 жилийн ойн мэндчилгээ
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 90 жилийн ойд
Монгол Улсын хөгжлийн үндэс, суурь болсон боловсрол, шинжлэх ухааны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, алдар хүндтэй ахмадууд, эрдэмтэн багш, судлаач, нийт хамт олонд Монгол Улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
1924 онд Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсанаар боловсрол, шинжлэх ухааны үйл хэргийг төрийн бодлогын төвшинд тавьж, нийгмийн тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжих боломж нөхцлийг бүрдүүлсэн юм.
Монголын шинэ цагийн боловсролын байгууллагын 90 жилийн түүхэн замнал нь бахархам амжилтаар дүүрэн он жилүүд байлаа.
Үүний баталгаа нь 20 дугаар зуунд хүн амыг бичиг үсэгт тайлж, айл өрх бүрт эрдэм соёлын гэрэл түгээж, бүх шатны боловсрол, шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлж, монгол хүний оюун санаагаар бүтсэн шинжлэх ухааны мэдлэг, бүтээлийг амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсанд оршино.
1990-ээд оноос Монгол Улсын төр монгол хүний сурч боловсрох язгуур эрхийг эрхэмлэн дээдэлж, боловсролын салбарт өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, иргэддээ чиглэсэн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, даяаршсан өнөөгийн ертөнцөд монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд боловсролынхоо шинэчлэлийн бодлогыг чиглүүлж ирлээ.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт тогтвортой баримтлах стратегийн баримт бичиг, хууль тогтоомжийг баталж, улмаар хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулж, салбарын эрх зүйн таатай орчин бүрдүүлж ирсэн нь Улсын Их Хурал, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтын ажиллагааны үр дүн юм.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үнэт зүйл, амжилт бүтээлийг бий болгож, ирээдүй хойч үеээ тасралтгүй бэлтгэж яваа эрдмийн хөтөч эрдэмтэн багш, судлаач, албан хаагчид Та бүхэн монгол түмний бахархал гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улс байгалийн баялгаас илүүтэй монгол хүний эрдэм боловсрол, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тогтвортой хөгжих нь ирээдүйн эрхэм зорилт мөн. Энэ эрхэм зорилтыг хангахад өнөөдрийн Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн 90 жилийн амжилтуудаа улам бататгаж, шинэ эриний шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэж байна.
Та бүхэнд дахин баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД