Ухаалаг Улаанбаатар хотыг бүтээх хөтөлбөрийг баталлаа
НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Нийслэлийн нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй, иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл 3 үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлээс үзүүлж байгаа барилгын зөвшөөрөл, газар эзэмших, өмчлөх, тендерийн сонгон шалгаруулалт, иргэний бүртгэлийн үйлчилгээ гэх мэт 540 гаруй үйлчилгээг иргэд гэрээсээ, ажил дээрээсээ амар хялбар, ойлгомжтой байдлаар авах боломж бүрдэх юм. Техник технологийн эрин үед дэлхийн олон хот Ухаалаг хот болох зорилт дэвшүүлж, багагүй хөрөнгө зарцуулж амжилт олсоор байна. Тиймээс Улаанбаатар хот ч гэсэн иргэдийнхээ оролцоог хангасан, иргэддээ үйлчилдэг Ухаалаг хотыг бүтээх нь хамгийн чухал асуудлын нэг болсон” гэж онцолоо.
Тус хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой юм. Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн 6 чиглэлээр Ухаалаг Улаанбаатар хотын бүрдүүлнэ гэж үзсэн байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бид энэ онд нийслэлээс үзүүлж байгаа 50 үйлчилгээг онлайн болгож, 20 гаруй үйлчилгээг хороодод шилжүүлэх зорилготой ажиллаж байна. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэлснээр нийслэлийн иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийн хэвшлийнхэний бизнесийг дэмжсэн, үйл ажиллагааны харилцан холбоог сайтар хангаж, мэдээллийн нэгдсэн орчин бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагаар дамжихгүйгээр авах боломжтой болно” гэлээ.
Энэхүү хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэд 400 гаруй төрлийн үйлчилгээг нэг цонхоор, цахимаар авдаг болж, иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллыг хөгжүүлсэн, авлигагүй, сайн засаглал бүхий Ухаалаг Улаанбаатар хотыг хөгжүүлэх боломжтой болох юм.