Баруун аймгаас жилд 1.200.000 толгой мал экспортлох боломжтой
Монгол Улсын таван хошуу мал дотроос хамгийн их өсдөг, махны гол хэрэгцээг хангадаг нь хонь юм. Жилд улсын хэмжээнд 20 сая хонь тоолуулдаг, хавар бүр 2 сая гаруй хурга бойжуулдаг нь үүнийг гэрчилнэ. Тэр дундаа баруун аймгийнхан хониныхоо тоогоор улсдаа бас тэргүүлдэг онцлогтой. Тиймээс саяхан баруун аймгийн хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид Ховд аймагт уулзаж, хонины мах экспортлох боломжийн тухай ярилцжээ.
Хуучин системийн үед ч Баян-Өлгий, Ховд, Увс аймгийнхан хонины махаа ОХУ, Казахстанд экспортоороо тэргүүлдэг байв. Ийм бэлэн туршлага байгаа гэдгээ тус аймгийн ҮХААГ-ын мэргэжилтнүүд онцолсон байна. Баян-Өлгий аймгийн ҮХААГ-ын дарга К.Нурсултан "Манай аймаг өөрийнхөө нутаг дахь хилийн боомтоор хонины мах гаргаж байсан. Одоо зөвшөөрөл өгвөл бид ойрхноор нь Казахстан, ОХУ-д хонины мах экспортлоход бэлэн байгаа" гэж ярив. Ховдынхон "Манай аймаг хоёр хөрш болон арабын орнуудад хонины махаа гаргадаг. Бид эдгээр орон руу болон европ руу ч хонины мах гаргах нөөц боломж бий" гэлээ. Увс аймгийн төлөөлөгч " Манай малчид жилдээ 1000-1500 тонн хонины мах гадагшаа гаргаж байсан. Үүнийгээ сэргээх боломж бас байна" гэж мэдэгдлээ. Баянхонгорын тэнд очсон төлөөлөгч "Манай аймгийн мал аж ахуй эрхлэгчид нийлээд жилд 1,200,000 толгой мал нядлан экспортлох чадамжтай" гэв. Энэчлэн баруун аймгууд хонины махаа экспортлох бүрэн бололцоотой гэдгээ мэдэгдэж, цаашид мах экспортлоход хамтран ажиллахаар боллоо.