Монголын багш нарын баярыг анх удаа 10 дугаар сарын 05-нд тэмдэглэн өнгөрүүлнэ
Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсаны
дагуу 2014-2015 оны хичээлийн жилд анх удаагаа Монголын багш нарын баярын өдрийг 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаатар болон Чингэлтэй дүүргийн Боловсролын газрын дарга Т.Нямдорж нар өглөө.
Монголын багш нарын 48 дахь өдөр, нийслэлийн түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.
"Багш нарын 48 дахь өдөр"-ийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны Баасан гаригийн 14:00 цагт Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулах, Япон улсын Элчин сайдын яам, Эндо Минорү сантай хамтран "Япон дууг хэн сайн дуулах вэ?" уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 13 дээш насны сурагчдын дунд зохион байгуулах, Ахмадын өдөр буюу 10 сарын нэгэнд "Ахмад багш нарын нэг өдөр", арван сарын үургаан сурагч нэг өдөр гэх мэт ажлуудыг зохион байгуулахаар болоод байна. Өнгөрсөн жилийн хувьд Нийслэлийн Боловсролын газраас 1000 багш нарын явган аялалыг зохион байгуулсан бол энэ жил тус аялалыг мөн хийх ажээ. Үүнээс гадна дүүрэг дүүргийн багш нараас "Авъяаслаг багш"ийг шалгаруулж, урлагийн наадмыг зохион байгуулахаар болжээ.