Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.09.18-2014.09.24/
МУИС-ийн захирал А.Галтбаяр: Багш нарын эрх ашигт тааруулвал МУИС удахгүй багшийн төлөө сургууль болно
Бид өнгөрсөн хичээлийн жилд шинэчлэл эхлүүлж бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд 12 бүрэлдэхүүн сургуулиа тав болгож нэгтгэсэн. Бүтцийн шинэчлэлтэй уялдаатайгаар хөтөлбөрийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага гарсан.
Манай улс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд ороод 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дээд боловсролын систем тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Гэхдээ их сургуулиуд дахин өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн нийгмийн хүлээлт бий болсон. Энэ нь хуучин систем шинэ нөхцөлд тохирохгүй болсон явдал юм. Тиймээс бид шинэ нийгмийн хүлээлтийг хангасан дээд боловсролын тогтолцоог бий болгох зарчим баримталж байна.
Өөрөөр хэлбэл, социалист маягийн системийг зах зээлийн системд шилжүүлж байгаа хэрэг. Энэ санааг өөрчлөлт бүрт тусгаж байгаа. Хүмүүс зах зээлийн 20 жилд өөрчлөлт хийх гээд явж байсан юм биш үү гэж асууж магад. Тэр үнэн. Гэхдээ энгийнээр хэлбэл хуучны орос машинаар хурдны замаар давхих гэж оролдож байгаатай адил юм. 1990-ээд оноос өмнө бүх зүйл тодорхой байсан. 30 оюутан 4-5 жил яг ижил хичээл үзээд төгсдөг.
Энэ бол төлөвлөгөөт эдийн засгийн үедээ нийцэж байсан зохион байгуулалт. Хуучин системдээ тохирч өөрчлөгдөх гэж багш нар хэсэг үзлээ. Аль болох хөтөлбөрийнхөө тоог нэмсэн. Гэхдээ цаад утга санаа нь ижил байсан. Гэтэл энэ нь хэт нарийссан мэргэжилтэн зах зээлд бэлдсэн байна. 30 хүүхэд хэт нарийссан мэргэжлээр төгслөө гэхэд ажлын байр олдохгүй байх жишээтэй. Тиймээс бид энэ байдлыг дараагийн шатанд гаргах хэрэгтэй гэдэг санааг тавьсан. /Зууны мэдээ 2014,09,18 219/4846//
Сэтгүүлч: 800 саяын төсөлтэй багш
Саравчтай малгай, саарал жинс, үүргэвчтэй залуу биднийг угтсан нь МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн багш Ү.Отгонбаяр. Япон, Америк, Англи, Дани зэрэг улсад сурч магистр, докторын зэрэг хамгаалснаас гадна, олон зуун сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлсэн, бас судлаач багшаар нэртэй сургуульд багшилж байгаад эх орондоо ирсэн гэдгийг өмнө нь сонссон болохоор толгой тархинаас нь ихийг “ухах” санаатай очлоо. Монголчууд бид “Холоос ирсэн хүнээс үг сонс” гэдэг дээ. Залуучуудад үлгэр дууриал болох түүнээс чамгүй л олон зүйлийг асууж шалгаахаар хичээлийнх нь танхимд орцгоолоо.
Олон нийт таньдаг, байнга л хэвлэлд бичиж, ярьдаг хүмүүсээс бид энэ удаа холдож, төдийлөн танигдаагүй ч монголчуудын таньж мэдэхэд илүүдэхгүй, хийсэн бүтээсэн зүйлтэй шилдэг залуучуудын төлөөллийг олж чадсандаа олзуурхлаа. /Зууны мэдээ 2014.09.22 223.4850//
Сэтгүүлч: Боловсролын салбартаа хөрөнгө оруулъя
1994 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын тавныг Олон улсын багш нарын баярын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай улс энэ өдрийг анх удаа дэлхийн улс орнуудтай цуг тэмдэглэх гэж байна. Энэ жил Олон улсын багш нарын өдрийг дэлхийнийтээр "Боловсролын салбарт хөрөнгө оруулъя" гэсэн уриан доор тэмдэглэх юм. Тиймээс манай улс ч гэсэн энэ уриан дор нэгдэж, эрдмийн их аянд эрэл хайгуул хйиж байгаа багш нарт, ихийг сурч мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж байгаа оюутан залууст дэмжлэг үзүүлье. Боловсролын салбартаа хөрөнгө оруулъя. /Зууны мэдээ 2014.09.226/4853//