ЕБС-ийн сурагчдын дунд нийслэлийн шигшээ сорилын тэмцээн болно
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Монгол Улсын ерөнхийлөгчийн 53-р зарлиг, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортыг сурталчилах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдар, чийрэгжүүлтийн түвшин тогтоох сорил тэмцээнийг 2014 оны 09-р сарын 07-27-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь 2002 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
7-17 насны хүүхдүүдийн бие бялдар, чийрэгжилтийн түвшинг бие бялдрын 5 чанар болох хүч, хурд, уян хатан, тэнцвэр, тэсвэрийг үнэлэх сорилын аргаар тодорхойлно.
I шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 125 сургуулийн 86000 гаруй сурагч, II шатны тэмцээн буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 91 сургуулийн 4600 гаруй сурагч оролцсон.
III шатны тэмцээн буюу Нийслэлийн шигшээ тэмцээнд 7-17 насны 9 дүүргийн 500 гаруй сурагч бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээ тодорхойлон өрсөлдөнө.
Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар, биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд энэхүү сорил авах аргачлал, сорилын программ, сорил авах зарчмын мэдлэг олгох сургалт семинарт зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай байдаг.Багш нь сурагчдынхаа эрүүл мэндийг сайтар хянаж, зөвхөн эмчийн зөвшөөрөлтэй эрүүл хүүхдүүдийг сорилын хяналтанд оруулна. Биеийн тамирын хичээлд ордоггүй хүүхдүүдийг өвчний ангилалаар бүлэг болгон зарим нэг сорилуудаас чөлөөлнө. Жишээлбэл: хараа муутай хүүхдүүдийг бай онох сорилоос, хавтгай тавхайтай хүүхдийг 100, 400 метрийн гүйлтээс, байрнаас уртын харайлтад зөвхөн зөөлөн дэвсгэр дээр харайлгах, хэвлий хэсэгт хагалгаа хийлгэсэн бол “хэвтэж цээжээ өргөх” сорилоос чөлөөлөх гэх мэт.
Эмнэлгийн 3, 4-р бүлэгт хичээллэдэг хүүхдүүдийг сорилын хөтөлбөрөөс бүрэн чөлөөлж, тэд зөвхөн эмчилгээний биеийн тамираар хичээллэнэ. Сорил авах өдөр халуунтай буюу өвчтэй байвал сорилыг авч болохгүй. Сорилыг зааврын дагуу хянаж, үнэлгээ өгөх ёстой.
Сорил авахын өмнө буюу төгсгөлд нь заавал бие халаалтын дасгал хийх шаардлагатай. Сорилыг маш анхааралтай, үнэн зөв, чанартай хэмжиж үнэлгээ өгөх ёстой /цаг, жин, хүч г.м./ байдаг.
Сорилын нэг үзүүлэлт болох 1000 м, 1500 м, 50 м-ийн гүйлтийг хамгийн сүүлд авахаар зохион байгуулж, бусад сорилыг хаанаас нь ч эхлэн авч болно.