“Залуусын хөгжил-2014” чуулган амжилттай боллоо
Монголын залуучуудын холбоо нь 2013 оныг “Оролцъё” уриан дор бүхий л үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд уг зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос Залуусаа нэгдье уриан дор Залуусын хөгжил-2014 чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн залуучуудын холбоо нь Баянхонгор аймагт ажиллаж амьдарч байгаа нийт залуучуудад хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үзэл санааг эрхэмлэн дээдэлсэн, ирээдүйнхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, зөв хүмүүжил олоход нь туслах, түүнчлэн нийгэм болон ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсрыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаачилга, хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулдаг МЗХ-ны салбар байгууллага юм.
“Залуусын хөгжил -2014” чуулга уулзалтыг угтаж Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос Залуучуудын сүлд дуу хийж нутгийн залуу уран бүтээлчдээр дууллуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
Чуулганд УИХ-ын гишүүн Д.Ганбат, ИТХ-ын дарга Д.Ширмэн, Аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат, Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнай ,МЗХ-ны гүйцэтгэх хорооны төлөөлөгчид, сум бүрээс 15 залуучуудын төлөөлөл оролцлоо.
Чуулга уулзалтын үеэр залуучууд өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж аймаг орон нутгийн удирдлагууд болон Монголын залуучуудын холбоонд санал хүсэлтээ хүргүүлж., хэлэлцүүлэг өрнүүлэн Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос баримтлах хөтөлбөрийг боловсруулсан юм. Мөн залуучуудад зориулсан урлагын тоглолт, спортын тэмцээн уралдаан, галын наадмыг зохион байгуулж Залуусаа Нэгдье уриан дор 600 гаран залуучууд нэгэн дуу хоолойтойгоор амжилттай чууллаа.