Номын баяр болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сард гаргасан 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт Номын баяр тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Уг баярыг өнөөдөр орон даяар, нийслэлийн дүүргүүд, аймаг, сумдад тэмдэглэж байна. Нийслэлийн Чингисийн талбайд болсон Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гурав дахь жилдээ Номын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монголчууд бол эрт дээр цагаас номыг дээдэлж ирсэн ард түмэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хуучны ховор номуудыг дижитал болгох ажил эхлээд явж байна. Номын баярыг зохин байгуулж байгаа ССАЖЯ, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, Үндэсний номын сан, ном хэвлэн нийтлэгч компаниуд, номыг түгээн дэлгэрүүлдэг байгууллага, хүмүүст баяр хүргэе” гэв. Чингисийн талбайд Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Номын баяр” үргэлжилж байна. Уламжлал ёсоороо 16 дахь баярын хүндэт зочид ахмад зохиолчид байх бөгөөд хүндэтгэлийн улаан хивсний ёслол болно. Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавигдах юм. “Номын баяр”-ын өдрөөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох юм байна. Мөн номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал өрнөх юм. Ахмад зохиолчид өөрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаална. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаалахаар болжээ. Зохион байгуулагчдын зүгээс төрийн болон бизнесийн байгууллагуудад хандан номын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, ном худалдан авч, тархи оюунаа цэнэглэн оюундаа хөрөнгө оруулахыг уриалж байна.