Бага оноотой сургууль элссэн бол диплом олгохгүй гэв
Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг нийт 34 мянга гаруй сурагч төгсчээ. БШУЯ-наас 2014 онд Монголын их, дээд сургууль, коллежид элсэн суралцагсдад элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байх гол шалгуур тавьдаг болсон билээ. Өнгөрсөн оны тайланд тусгаснаар өнгөрсөн жилийн нийт шалгуулагчдын 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байна.
Харин босго оноондоо хүрч чадаагүй буюу 400-гаас бага оноо авсан төгсөгчид ямар нэгэн байдлаар улсын болон хувийн их, дээд сургуульд элссэн нь тогтоогдвол диплом олгохгүй юм байна. Учир нь 400 оноо авсан байх гол шалгуурыг тавьж байгаа учраас оноо хүрээгүй төгсөгчид хууль бусаар их, дээд сургуульд элссэнтэй адил болох аж. Дашрамд дуулгахад, Монголын их, дээд сургууль, коллежид элсэн суралцах босго оноог 2015 оны хавар дахин нэмэх гэнэ.