Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд Беларусь Улстай хамтран ажиллана
Бүгд Найрамдах Беларусь Улс өөрийн элчин сайдын яамаа Монгол Улсад нээсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийн асуудлаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Манайд мөрдөгддөг журмаар автобус үйлдвэрлэгч компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаж, тодорхой хугацаанд туршилт явуулж амжилттай хэрэгжсэн тохиолодолд зах зээлд нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн хүрэлцээг бүрэн хангахын тулд нийт 2500 том жижиг оврын автобустай байх шаардлагатай. Гэвч одоо 800 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Шаардлагатай байгаа автобусуудыг баталгаатай, чанартай, орчин үеийн үйлчилгээнд нийцсэн байхаар сонгож, нийлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр томоохон байр суурийг эзэлдэг танай улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Харин ноён С.В.Чепурной “Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Цаашид ч бид энэ харилцаагаа улам сайжруулахыг хүсч байгаа. Манай улс нь 12 оронд угсралтын үйлдвэрүүдтэй бөгөөд таны хүсэлтээр нийтийн тээврийн автобусуудыг нийлүүлэх ажилд хамтран ажиллахад бэлэн байна. Ингэхдээ лизингээр, зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэх боломжтой” гэсэн юм. Цаашид нийтийн тээврээс гадна бусад салбарт ч хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд тохиролцлоо.