Зөрчлөө арилгаагүй “Нарантуул”-д найдваргүй хүнс борлуулсаар байна
“Нарантуул” олон улсын худалдааны төвд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнд НМХГ-ын байцаагчид өчигдөр хяналт шалгалт хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон хөдөө орон нутгийн худалдаачид тэндээс бараа бүтээгдэхүүнээ татдаг.
Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын дийлэнх нь Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл тэнд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь түрээслэгчид жилийн дөрвөн улирлын турш гадаа талбайд буюу төмөр чингэлэгт бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг байна. Энэ нь хүйтэн үед дотор нь хадгалсан бүтээгдэхүүн хөлддөг аж. Харин үүнийг худалдан авагчид жирийн үзэгдэл мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ стандартын шаардлага хангаагүй контейнерт хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулах нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж байгаа аж. Тиймээс худалдааны төвүүдэд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс ийн шалгалт хийж байгаа гэнэ. Шалгалтыг дүүргүүдийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн байцаагч болон НМХГ-ын улсын байцаагчид хамтран зургаан хэсэг болон хийж байв. “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид бараа бүтээгдэхүүнээ контейнерийнхээ гадна талд дэлгэж тавиагүй харагдлаа. Шалгалтын сургаар ингэсэн бололтой. Үйлчлүүлэгчид ч ховор харагдлаа. Зарим контейнер “Бараа зарахгүй” гэж байх жишээтэй. Учир нь жирийн өдрүүдэд бараа бүтээгдэхүүнээ контейнерийн үүдэнд дэлгэсэн байдгийг худалдан авагчид мэдэх болоод удаж байна. НМХГ-аас хийж буй уг шалгалт гурав хоног үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд гар дээрээс бараа бүтээгдэхүүн худалдаалж буй болон хууль бусаар сум зарж буй иргэдэд шалгалт хийх гэнэ. НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоор ахлуулсан хяналт шалгалтын байцаагчид40, 44, 49, 226 зэрэг контейнерээр орсон юм. Тус газарт ихэвчлэн импортын бараа бүтээгдэхүүн худалдаалдаг аж. Тухайлбал, 44 контейнерт Оросын бренд бүтээгдэхүүн болох гүзээлзэгний компотыг Хятад улсад савласан зөрчил гарлаа. Мөн огурцины шошгон дээр тэжээллэг чанар гэсэн бичиг байв. Бусад мэдээлэл буюу орц найрлага зэрэг нь гадаад хэлээр бичигдсэн байх зэрэг зөрчлийг илрүүллээ. 40 дүгээр контейнерийн хүнсний бүтээгдэхүүнийг шалгахад бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний бичиг байсангүй. Худалдагч “Шинжилгээний бичиг байгаа. Гэхдээ энд байхгүй байна” гэх хариултыг өгч байсан юм. Зарим контейнерт зарж буй импортын бараа бүтээгдэхүүн хаяг шошгоны зөрчилтэй байгаа талаар байцаагчид хэллээ. Хүнсний тухай хуульд заасны дагуу импортын бараа бүтээгдэхүүний хаяг шошго Орос, Англи, Монгол хэлээр бичигдсэн байх ёстой гэнэ. Гэтэл тухайн барааных ихэвчлэн Солонгос, Хятад хэлээр бичигдсэн буй. Тиймээс зөрчил илэрсэн контейнерийн эздэд ямар хариуцлага тооцдог талаар НМХГ-ын Эрүүл ахуйн улсын байцаагч Н.Одончимэгээс тодруулсан юм. Тэрбээр“Хятад, Солонгос, Япон зэрэг улсаас импортоор авч буй хоол амтлагч, цай, үр тариа зэрэг бүтээгдэхүүн хаяг шошгоны зөрчилтэй байна. Гарсан зөрчил бүрт хуулийн дагуу өөр өөр арга хэмжээ авдаг. Хэрвээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин, хаяг шошгын зөрчилтэй бол50 дахин, ул мөрийн бүртгэлийн хуудас тогтоогоогүй, эрүүл мэндийн үзлэгт тухайн ажилтан хамрагдаагүй бол35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуул ногдуулдаг. Одоо бид хяналтынхаа дэвтэрт тэмдэглэл хийж байна. Дараа нь тандалт, судалгаа хийж ямар байдлаар тухайн бүтээгдэхүүн импортоор орж ирснийг нь тогтооно” гэв. Гарсан зөрчилд ийн хариуцлага тооцдог аж. Тэгвэл алдаа зөрчил гарахаас хэрхэн урьдчилан сэргийлдэг болон Хүнсний аюулгүй байдлын тухай хууль худалдааны төвүүдэд хэрхэн хэрэгжиж байгаа талаар НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоос тодрууллаа.
М.Баасандорж: “Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байна
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдэд танайхаас шалгалт хийж байна. Шалгалтаар ихэвчлэн ямар зөрчил илэрч байна вэ?
-”Бөмбөгөр”, “Меркури”, “Эрдэнэ-булган”, “Хархорин” зэрэг олон хүн үйлчлүүлдэг, эрсдэлтэй байж болох худалдааны төвд шалгалт хийсэн. Өнөөдөр/өчигдөр/ “Нарантуул” худалдааны төвд шалгалт хийж байна. Иргэд худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний мэдээллийг гадна талын хаягнаас авдаг. Гэтэл бүтээгдэхүүний гарал үүсэл болон хаяг шошго нь тодорхойгүй байх нийтлэг зөрчил илэрсэн. Мөн хадгалалт, хамгаалалт зэрэг худалдааны стандарт хангахгүй байна. Энэ зэргийн зөрчил маш их гарч байна. Тиймээс худалдааны төвүүдэд зөрчил арилгуулах албан шаардлагыг хүргүүлсэн. Харамсалтай нь төдийлөн хэрэгжүүлэхгүй байна. Үүний нэг жишээ“Нарантуул” худалдааны төв юм. Өнгөрсөн жил өгсөн албан бичгийн хэрэгжилтийн хариуг өгөөгүй байна. Энэ худалдааны төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ нь одоог хүртэл улсын комисст очоогүй байна. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг ярих ёстой. Яагаад гэвэл худалдааны төвөөс500 метрийн зайд хотын хамгийн том цэвэр усны цооног байдаг. Гэтэл энэ худалдааны төв бохирдлын асуудлаа шийдээгүй байна.
-Өмнө нь хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчлийг Нарантуул худалдааны төв яагаад өнөөдрийг хүртэл арилгахгүй байна вэ?
-2013 онд“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан. Тухайн үед шалгалт хийгээд зөрчил арилгах тухай албан бичгийг худалдааны төвийн захиргаанд хүргүүлсэн. Түүний хариуг одоо хүртэл өгөөгүй байна. Энэ удаагийн шалгалтын бас нэг зорилго өмнө нь хүргүүлсэн албан бичгийнхээ хариуг авах юм. Юу нь болж байна. Юу нь болохгүй байгаа. Цаашид асуудлыг хэрхэн шийдэж ажиллах гэж байгаа талаар хариу авмаар байна. Түрээслэгчид хэдэн жил ийм байдлаар худалдаа хийх болж байна. Үүнийг шийдэх ёстой. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хангагдахгүй байна.
-Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг батлаад жил гаруй болж байна. Энэ хугацаанд худалдааны төвүүдэд уг хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Хүнсний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь өмнө нь хийсэн шалгалтаар батлагдсан. Тиймээс энэ чиглэлийн хяналтыг эрчимжүүлэх хоёр сарын ажил зохион байгуулж байна. Тухайлбал, импортын бараа бүтээгдэхүүн хаяг шошгоны зөрчилтэй байна. Тухайн бараа бүтээгдэхүүн хил гаалиар орж ирэхдээ хэний хяналтаар дамжиж байна вэ. Хэрвээ тэнд төрийн хяналт чанга байсан бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн орж ирэх ёсгүй. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжихгүй байна гэсэн үг.
П.Отгонбаатар: НМХГ-аас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг
Одоогоос жилийн өмнө өгсөн үүрэг даалгаврыг“Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд яагаад биелүүлэхгүй ба
йгаа, одоо гарч буй зөрчлийг хэзээ арилгах талаар тус худалдааны төвийн хүний нөөцийн менежер П.Отгонбаатараас тодрууллаа. Тэрбээр“Хуулийн хү-рээнд хамтарч ажиллана. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ. Зөрчилтэй түрээслэгчдийн үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авах хуультай байдаг. 2013 оноос хойш НМХГ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж албан шаардлагын хариуг өгсөн. Дараа жилээс битүү худалдааны төв барьж, түрээслэгчдээ оруулахаар төлөвлөж байна” гэсэн хариултыг өглөө. “Нарантуул” худалдааны тө-вийн түрээслэгчид жилийн дараа стандартын шаардлага хангасан орчинд ажиллах юм байна. Тэгвэл тус төвийн хойд талын хаалга орчимд хуучин бараа зардаг иргэд хаачих вэ. Тэд эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа гэдэгт найдахын ч хэрэггүй. Ногоон хурганы арьс нохойн бүтүү туурайнаас бусдыг нь газарт дэлгэж худалдаалж байна. Харамсалтай нь бүгд хуучин. Хүний эдэлж, хэрэглэж байсан хувцас, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. Жишээлбэл, варианы шилний таг200 төгрөг, гутал 2000-3000, удирдлага1000, индүү 1500 гэх зэргээр үнэлж худалдаалж байв. Тэр ч бүү хэл хэрэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр ч зарж байх жишээтэй. Худалдагч буюу бараа зарж буй хүмүүс нь ажилгүй, тогтсон орлогогүй иргэд. Тэднийг мангасын амны архичин, худалдаачид гэдэг аж. Тэнд хуучин бараа зарж хоногийн хоолоо залгуулж болох ч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн зарах нь хэрээс хэтэрсэн гэмээр. Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа шиг ямар махаар хэн гэдэг хүн хийсэн нь тодорхойгүй хоол зарж байна. Үүнийг НМХГ-аас шалгах нь зүйтэй биз.