Хүний хөгжлийн санг Баялгийн сангаар солино
Уул уурхайн баялагаас олсон орлогыг Монголын ард түмэн хүртэхийн тулд Хүний хөгжлийн сантай болж байсан. Иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийг тухайн үедээ бэлэн болон бэлэн бусаар авч, квотоо дуусгасан нь ч бий. Авч ашиглаагүй хүн ч олон байгаа. Харин энэ цагтаа идэж дуусах биш ирээдүйдээ хуримтлал үүсгэн үлдээх зорилготой Баялгийн сантай болох хуулийн төслийг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулжээ. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр болсон бөгөөд хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн танилцуулгыг судлаач С.Боргил хийсэн байна. Ажлын хэсгийнхний хийсэн ерөнхий тооцоогоор одоо ашиглаж байгаа уул уурхайн баялаг 60-70 жилийн дараа дуусна. 2077 он гэхэд уул уурхайгаас 88.7 их наяд төгрөгийн орлого олно. Хэрвээ одооноос Баялагийн сантай болвол тухайн үел 88.4 их наяд төгрөгөөс 36.8 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэсэн байх боломтой болно хэмээн үзсэн ажээ. Үүнээс гадна тус хэлэлцүүлгээс гадна олон нийтийн тэр дундаа залуусын саналыг хуулийн төсөлд тусгах зорилготой бас нэг хэлэлцүүлэг "Blue Sky"-д болсон байна.