Хүнд цүнх үүрэх нь хүүхдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй
- Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж -
ЕБС-ын сургалтад хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээг MNS 6582: 2016 стандартаар тогтоодог. Сурагчдын ширээ сандлын стандартыг тогтоохдоо биеийн өндрийг харгалздаг байна.
СУРАГЧДЫН ШИРЭЭ БА САНДЛЫГ НЭГ БОЛОН ХОЁР СУУДАЛТАЙ БАЙХААР ТООЦНО
- Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)
- Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)
Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.
СУРАГЧИЙН ШИРЭЭ, САНДЛЫН АНГИЛАЛ, ӨНГИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ
№ |
Ширээний ангилал |
Сурагчийн биеийн дундаж өндөр (мм) |
Өндрийн бүлэг
|
Ширээ, сандлын өндрийн харьцаа |
Өнгийн тэмдэглэгээ код |
1 |
I |
1050 |
1050-1150 |
Ширээний өндөр -53 Сандлын өндөр -31 |
Улбар шар |
2 |
II |
1200 |
1150-1300 |
Ширээний өндөр -59 Сандлын өндөр -35 |
Хөх ягаан |
3 |
III |
1350 |
1301-1450 |
Ширээний өндөр -64 Сандлын өндөр -38 |
Шар |
4 |
IV |
1500 |
1450-1600 |
Ширээний өндөр -71 Сандлын өндөр- 43 |
Улаан |
5 |
V |
1650 |
1601-1750 |
Ширээний өндөр -76 Сандлын өндөр -46 |
Ногоон |
6 |
VI |
1800 |
1751< |
Ширээний өндөр -82 Сандлын өндөр -51 |
Цэнхэр |
ХҮҮХДИЙН ЦҮНХ БИЕИЙН ЖИНГИЙНХ НЬ 10 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ ЖИНТЭЙ БАЙНА
Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стандарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.
Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна.
Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хичээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэргийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэтрүүлдэг буруу жишиг байдаг аж.
Цүнхний жинг хэтрүүлсэнээр эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ цүнх авахдаа аль болох хөнгөнийг нь сонгох хэрэгтэй.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв