Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэнэ
Улаанбаатар хотод анх удаа хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулаад байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 74 эрсдлийг тооцон гаргаж, шийдвэрлэх 168 арга хэмжээг боловсруулсан. Энэ боловсруулалтыг нэгтгэсэн хөтөлбөрийг өнөөдөр НИТХ-ын Байгаль орчин экологийн хорооны хурлаар ярилцан дэмжиж 2014 оны 09 сарын 22-нд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэрийн ойр буусан айл өрх, албан байгууллагыг нүүлгэх үндэслэлийг гаргаж газрын албанд тайланг хүргүүлэх, тогтоосон цэгүүдэд нян судалын шинжилгээ хийх, хамгаалалтын бүсэд байгаа хатуу хог хаягдлын цэгийг бүрэн устгах, гол бохирдуулагч арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос гаргах гэх мэт олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Туул голын сав газарт өнөөгийн байдлаар 1.2 сая иргэн амьдарч, 20 гаруй мянган үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, гурван дулааны станц ажил үйлчилгээ явуулж байна. Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянга, албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний болон гэр хорооллын худгаас 150 мянга, нийт 300 гаруй мянган шоо метр усыг хоногтоо хэрэглэж байгаа. Энэ хэрэглээ үйлдвэржилт, барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаагаас шалтгаалан өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм.
Нийслэлийн хүн ам, аж үйлдвэрийн газрыг ундны болон ахуйн цэвэр усаар хангахад Туул голын сав дагуу байрласан 170 гаруй гүний худаг голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээрт эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэм алдагдаж, онцгой анхаарвал зохих бүсэд барилга орон сууц барих, амралт рашаан сувиллын газар байгуулах, барилгын түүхий эд элс, хайрга, шороо авахаар ухах, айл өрх дур мэдэн буух зэрэг зөрчлүүд байнга гардаг. Үүнээс үүдэн ундны усны эх үүсвэрийн цэнгэг устай гүний худаг ус хэрэглээний шаардлага хангахгүй байх тохиолдол гарч болзошгүй байна.
Мөн бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй, гэр хорооллын айлуудын бие засах газар олширч, угаадсаа ил асгах зэрэг нь агаар, хөрсний бохирдлыг үүсгэн, энэ нь үерийн усаар дамжин Туул голыг бохирдуулан гүний худгуудад нөлөөлж байгаа нь олон жилийн судалгаа, шинжилгээний дүнгээс ажиглагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд Туул голын ус тасарч, хөрсний ус доошлох үед төвлөрсөн сүлжээгээр түгээх усны хомсдох үзэгдэл ихэсч байгаа нь усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгаа.
Хотын төвлөрсөн шугам сүлжээний 37.6 хувь нь 2-10 жил, 36.6 хувь нь 11-30 жил, 25.8 хувь нь 31-55 жилийн насжилттай байгаа. Энэ нь шугам сүлжээний элэгдэл ихэсч, зарим хэсэгтээ хүчтэй урсгалыг даах чадваргүй болгож байгаа нь тулгамдсан асуудал болсныг байнгын хорооны гишүүдэд дуулгасан. Байнгын хорооны хурлын үеэр “Орон сууцанд амьдардаг айл өрхийн усны хэрэглээ хэтэрхий өндөр. Өдөрт дундажаар 200-250 л ус хэрэглэдэг, иргэн албан байгууллагууд машинаа ундны цэвэр усаар угаадаг. Тиймээс цаашид гадаргын усыг орон сууцны суултуурт хэрэглэх талаар холбогдох байгуулагуудын түвшинд ярилцаж байгаа” талаар мэдээлэл хийсэн. Цаашид санитаци буюу усны эрүүл ахуйн дэглэм алдагдаж байгаад хүн бүр анхаарах хэрэгтэй. Энэ бүх эрсдлээс сэргийлэх үүднээс Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулсан Захирагчийн ажлын албанаас онцолсон юм.