ХУД-ын ЗДТГ, "Витафит групп" ХХК хамтран дүүргийнхээ өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүллээ

2014 оны 9 сарын 17

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Витафит групп” ХХК-тай хамтран “Нийгмийн хариуцлагын хөтөлбөр”-ийн хүрээнд Хамтран ажиллах гэрээ байгуулж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хүрээлэн буй орчны салбарт  томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.  Өнөөдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн, өрх толгойлсон 4 хүүхэдтэй С.Отгонсарнайгийн гэрт хэрэгцээтэй байгаа иж бүрэн гэр тавилгуудыг хамт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга Б.Дагвадорж, Витафит группын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Д.Анхзул болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн С.Отгонсарнайд “ЖИ ЭЛ ЭФ” Төрийн бус байгууллагаас 5 ханатай гэр, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагаас гэрийн давхаргыг тус тус олгосон бөгөөд тус гэрийг олгоход Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс зуучилсан ажээ. Одоогоор С.Отгонсарнайн бага хоёр хүүхэд нь дүүргийн 147-р сургуульд суралцдаг бөгөөд С.Отгонсарнайг тус дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс  "Өргөө" кино театрын үйлчилгээний албанд ажилд оруулж өгсөн байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт 612 өрх хамрагддаг бөгөөд Хан-Уул дүүргийн 16-р хороо нийтдээ 60 өрхийн төлөвлөгөө боловсруулсны нэг нь С.Отгонсарнайн гэр бүлийнхэн юм байна. Өрхийн хувьд өмнө нь орон гэргүй байсан бөгөөд дүүргийн түр хоноглох газарт 2012 оноос хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Түр хоноглох байр нь 2010 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 11 сарын нэгнээс таван сарын нэгэн хүртэл орон гэргүй болон, архины хамааралтай хүмүүсийг орон байраар хангаж жилдээ 30 хүнийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа юм байна.

“Витафит групп” ХХК-ий хувьд "Нийгмийн хариуцлага" хөтөлбөрийн хүрээнд энэ сарын нэгэнд тус дүүргийн 123-р сургуулийн 1-5 дугаар ангийн 103 сурагчдад нийт найман сая төгрөгийн өртөгтэй сурагчийн дүрэмт хувцас гардуулан өгсөн байна.


Ийнхүү өрх толгойлсон нэгэн эмэгтэй, дөрвөн хүүхдийн хамт орох оронтой болж өвлийг өнтэй давах нь ээ.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8880
0 эможи
keyboard_arrow_up