Хоосон эргэлт хийж буй Рэйлбусыг явуулсаар байх уу

2014 оны 9 сарын 17

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын авто замын ачааллыг багасгах зорилгоор хот дотор зорчигчийн галт тэрэг аялуулах талаар ярьж байсан цаг саяхан. Тодруулбал, Рэйлбусын үйлчилгээ явуулах боломж бий эсэхийг судалж үзэх хүсэлтийг 2012 онд УБТЗ-ын захиргаанд хүргүүлж байсан. Тухайн үед хотын захирагчийг “Хоосон үлгэр ярьж байна” хэмээн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу өнгөрсөн хавар Э.Бат-Үүлийн хүсэлт ийнхүү биеллээ олж, ОХУ- ын “Трансмаш холдинг” компаний РА-2 маркийн хоёр ширхэг Рэйлбусыг хүлээн авсан.

Рэйлбус хотод орж ирсэн тэр үедээ цэвэрхэн, тохь тухтай, хурдан явдаг гэх зэрэг нааштай үнэлгээг иргэдээс авч байлаа. Ингээд нийслэл хотын иргэд Рэйлбус галт тэргийг мэддэг болоод гурван сарыг ардаа орхилоо. Энэ хугацаанд иргэд түүний сургийг сонсч, барааг нь харснаас цааш хэтрээгүй бололтой. Үүнд нь хэд хэдэн шалтгаан бий. Учир нь Рэйлбусыг оруулж ирэх сургаар тасалбар нь хэдэн төгрөг байх талаар эрх бүхий албан тушаалтнууд хэлэлцэж, иргэд нь уян хатан байдлаар хандаасай хэмээн хүлээж байсан. Ингээд таавар мэт хүлээлгэсний эцэст нэг буудлаас дараагийн буудал хүртэл 500 төгрөг, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүрэхэд 3500 төгрөг төлж зорчих шийдвэр гарсан. Эдийн засгийн хямралтай өнөө цагт ийм хэмжээний мөнгөөр үйлчилгээ үзүүлэх болсон нь иргэдийн дургүйцлийг хүргэж эхэлсэн. Улмаар хотын дарга Э.Бат-Үүлийн яриад байсан үлгэрийн баатар болох Рэйлбус орж ирсэн цагаасаа эхлэн хүнгүй хоосон эргэлт хийсээр өнөөдрийг хүрлээ. Хааяа сонирхож Вокзал өртөөнөөс сууж Толгойт өртөө хүрэхэд ердөө хоёр, эсвэл гурван л хүн зорчиж байх жишээтэй. Гэтэл тасалбар түгээгчид өдөрт 70 мянган төгрөгийн нормтой байдаг гэнэ. Үүнийгээ хэзээ ч биелүүлж чаддаггүй гэдгийг тасалбар түгээгч хэлсэн нь бий. Тэрбээр “Өглөө 06.50 минутаас хөдөлдөг.

Тэр үед нэг ч хүн суудаггүй. Хүн суусан ч, суугаагүй ч цагийн хуваарийн дагуу заавал явах ёстой. Ер нь үйлчилгээнд явж эхэлсэн цагаасаа л алдагдалтай ажиллаж байна” гэж ярьсан юм. Энэ байдлаараа хоосон эргэлт хийсээр байвал тун удахгүй Рэйлбус зогсолт хийх нь мэдээж. Тэр үед 3.9 тэрбум төгрөгөөр авсан энэхүү Рэйлбусыг хаана, юунд ашиглах вэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд аваачиж хүүхдүүдийг суулгаж тоглуулах уу. Аль эсвэл үзүүлэн маягаар зогсоох уу. Үүнд хариулт авахаар УБТЗ-ын удирдах газрын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очиртой уулзах гэсэн боловч өчигдөр ажлын байрандаа байсангүй. Харин түүний орлогч дарга Ц.Пүрэвсүрэнгээс тодруулах гэхэд “Хуралтай” хэмээгээд мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Ийнхүү Рэйлбусын хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Эсвэл байгууллагууд эдийн засгийн хямралд автаж ажилтнаа цомхотгож, цалингаа хасч байгаа энэ үед өдөр бүр хоосон эргэлт хийж, татвар төлөгчдийн мөнгийг хий урсгасаар байх уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8873
0 эможи
keyboard_arrow_up