Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд нийслэлийн төсвийн 5 хувийг зарцуулна
Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон холбогдох албаныхан, аялал жуулчлал, соёл урлаг, биеийн тамирын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 650 гаруй төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг оролцогчдод танилцууллаа.
Тэрээр “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлсэнээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая, 2030 онд гэхэд 5 сая жуулчин хүлээж авах бүх боломж бүрдэнэ гэж тооцож байгаагаа онцлон хэлсэн юм.
Мөн “Бид аялал жуулчлалыг хөгжүүлж чадаагүйгээс өнөөдөр эдийн засгийн хүнд байдалд ороод байна. 2013 оны жишээгээр давхардсан тоогоор манай улсын хилээр 1сая 600 мянган иргэн гарсан бол 410 мянган жуулчин, зочин, ажиллах хүчин иржээ. Үүний сөрөг нөлөө нь манай эдийн засгийн нөөц гадагшаа урсаад байна. Тиймээс бид энэ үйл явцыг зогсоохын тулд аялал жуулчлалыг шинэ шатад гаргаж, цогцоор нь хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” төслийг боловсруулсан” гэдгийг тодотгон хэллээ.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 09 дүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм. Хөтөлбөрийн гол зорилго болох Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог 5 саяд хүргэхийн тулд жил бүр Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд нийслэлийн төсвийн 5 хувийг буюу 35 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг байхаар тооцжээ. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хангалттай хөрөнгө шийдвэрлэж байгаагүй бөгөөд 2012 оноос өмнө 1 тэрбум хүртэлх төгрөгийг соёл урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулсан байна. Нийслэлийн тооцоолж буйгаар 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авсан тохиолдолд Улаанбаатар хотын ДНБ-ийг 2,5 дахин нэмсэнтэй тэнцэх, 5 тэрбум долларын борлуулалтыг хийнэ. Энэ нь манай улсын эдийн засаг 2,5 дахин нэмэгдэж, айл өрх бүр ажилтай орлоготой болох боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Харин энэхүү хэтийн зорилтод хүрч, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхдээ нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлал, соё урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийнхэн цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар талууд харилцан зөвлөлдлөө.
Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа онцлоод алсын хараатай томоохон хөтөлбөрийг боловруулсанд талархал илэрхийллээ.