Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН,ЮУ хэлэв?

2014 оны 9 сарын 17

Өнгөрсөн  долоо  хоногт  Боловсролын салбарт  Хэн, Юу хэлсэн талаар  хүргэж  байна. /2014.09.10-2014.09.17/

 

МУИС-ийн захирал А.Галтбаяр: Төлбөр гэж ярихаасаа өмнө сургалтын чанар дээр хариуцлага хүлээдэг

МУИС болон ШУТИС-д монголын нийт оюутны 60 хувь нь суралцдаг. Гэтэл ийм газар боловсролын чанараараа сургалтын төлбөрөө тогтоох нь өрөөсгөл. Хөдөөгийн малчид ч малаа зараад их сургуульд хүүхдээ явуулдаг. Янз бүрийн давхаргад үйлчилж байгаа учраас бид төлбөр гэж яри­хаасаа илүү сургалтын чанар дээр хариуцлага хүлээдэг. Харин АНУ-д бол өөр. Тэтгэлэгийн систем нь ч өөр. Хувийн сургуулиуд нь сургалтын төлбөрөөсөө сургуу­лийн санхүүжилтийн 70-80 хувийг бүрдүүлдэг. Харин үлдсэн хувийг дэмжигч бай­гуул­­лагуудаас аваад нийт санхүүжилтийнхээ 20 хувийг сайн хүүхдүүддээ тэтгэлэг болгоод өгдөг. Топ хүүхдүүдийг татахын тулд бусад хүүхдүүдийн мөнгөөр тэтгэлэгийг бий болгож байна. Манай хувьд их сургуулиудад өгдөг төрийн санхүүжилт ч өсч байгаа учраас сургалтын төлбөр улам л буурах хандлагатай болж байна. /Ардчилал 2014.09.10 163/2042/

ШУТИС-ийн оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор: Магистрантурт зайнаас сурах боломжтой 2-3 хөтөлбөр бий 

Манай сургууль 2000 оноос сургалтад кредит систем нэвтрүүлж, хичээлийн агуулга, хөтөлб өрийг электрон хэлбэрт шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 гаруй хичээлийн агуулгыг электрон хэлбэрт шилжүүлж, архив үүсгээд байна. Энэ нөөцдөө тулгуурлаж, гурван жилийн өмнөөс магистрын зайн сургалттай болсон юм. Ингэснээр магистрантурт суралцах хүсэлтэй ч танхимын сургалтад хамрагдах боломжгүй, завгүй, ажил хийдэг хүмүүс цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр зайнаас сурах боломж бүрдсэн. Хичээлээ онлайнаар сонгон судалж, багш нартайгаа ч онлайнаар холбогдож, даалгавраа авна. Магистрын хөтөлбөрт байгаа хичээлүүдийн агуулгын 50 хувь нь зайнаас сурах боломжтой. Яг зайнаас сурах боломжтой хөтөлбөр бол 2-3 бий. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна. Лабораторийн туршилт судалгаанд биечлэн оролцох шаардлагатай тохиолдолд сургууль дээр ирэхээс аргагүй. /Өнөөдөр 2014.09.10 209/5303//

Батноров сумын сургуулийн захирал Л.Баянмөнх: Хүүхэд олуулаа байх тусам л авъяас нь тодордог

“Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн маань дэд хөтөлбөр болох “Авьяас”, “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлээд наад зах нь шүлэг цээжлүүлэхэд л бүгд сайн тогтоож буй юм. Ном сайн уншуулахаар алдаагүй бичиж байна. Зарим талаар ном уншуулаад шүлэг цээжлүүлээд ирэхээр хүүхдүүдийн нас сэтгэхүйд таарсан, тэдэнд зориулагдсан уран зохиол дутмаг юм. “Авьяас” хөтөлбөрийн тухайд өнгөрсөн жил манай сургууль дээр 27 дугуйлан секц хичээллэлээ. Энэ нь давхардсан тоогоор 580 гаруй хүүхдийг хамруулж чадсан. Өнгөрсөн хичээлийн жилийн сүүлээр Хэнтий аймгийн төв дээр гар бөмбөгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж, найман сумын сургуулийн баг оролцсон. Сумд нэгээс хоёр багтай очиж байхад манай сумаас найман баг очиж оролцоод баг бүр маань амжилт гаргасан. Чаддаг цөөхөнтэй биш аль болох олон хүүхэдтэй ажиллах тусам л тэдний авьяас ундарч гардаг юм байна.  /Ардчилал 2014.09.15 166 /2045/ 

МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун: Бүх оюутан смарт карт авч чадахгүй

Одоогоор 175 мянган оюутны 113 мянгад нь автобусанд үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгохоор болсон. Сургууль бүрт тодорхой квот тогтоосон байгаа. Тэгэхээр бүх оюутан хамрагдаж чадахгүй. Хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнууд хавар захиалга өгдөг. Бид 63 мянган смарт картыг зун хэвлээд бүгдийг нь сургууль тус бүрт нь тараасан.

Нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд сургуулийнхаа оюутны холбоон дээр очоод захиалга өгнө. Одоогоор 54 сургуулийн захиалга өгөөд дууссан. Дараагийн 56 сургууль захиалгыг энэ долоо хоногт авна. Аравдугаар сарын 1-нд бүх оюутны смарт картыг өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. /Монголын үнэн 2014.09.10 172/

“Бүтээлч үйлс” ХХК-ийн захирал М.Нэргүй: 500 гаруй мянган хүний хүчээр бүх сурагчаа дүрэмт хувцсаар хангаж байна

Манай улсын хүн амын 500 ор­чим мянга нь Ерөнхий боловс­ролын сургуулийн су­рагч. Тэднийгээ энэ жил дү­рэмт хувцсаар бараг бүрэн хан­гажээ.Манай үйлдвэр өмнө нь 30-аад ажилтантай л байсан. Харин дүрэмт хувцас үйлдвэрлэж эхэлснээр 120 хүнтэй болсон. Дүрэмт хувцсаа дотооддоо үйлдвэрлэж байгаагийн нэг сайн тал нь олон хүнийг ажлын байраар хангах юм байна. Ноднин хүүхэддээ форм авч өгсөн эцэг эхчүүдийн сэтгэлд хүрсэн гэдэг нь энэ жил тодорхой. Эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэжье гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсонд хувьдаа их баяртай байгаа. Гэхдээ бидний оёсон бүтээгдэхүүний чанар чансаа нэг жилд бүрэн танигдахгүй. Материал размерын тал дээр гомдол гараагүй. Энэ жилээс борлуулалтад мэргэжлийн хүн тавьсан болохоор хүүхдийг хараад л шууд таарах размерыг нь гаргаж өгөөд явж байгаа. / Ардчилал 2014 09.11 164/2041// 

Сэтгүүлч Б.Дэлгэр: Авлигач багш нарын гайгаар оюутнууд амьдралдаа хар толботой үлдлээ

Зөвхөн боловсролын салбар гэлтгүй авлигажсан орон болж хувирсан нь нэгэнт илэрхий болоод байгаа. Гэхдээ боловсролын салбарт авлига хэрээс хэтэрсний сургамжит жишээ болох нэгэн шүүх хурал саяхан болж өнгөрлөө. “Авлига авсан, өгсөн, зуулчилсан” хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нарын хэргийг шүүхээр шийдвэрлэлээ. 
Тодруулбал, Н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болов. Уг нь тэдний хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд шүүн хэлэлцэх байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгч, ар гэрийнхэн гээд олон хүн шүүх хуралд оролцсон учраас ийнхүү урьдчилан хорих төвд болсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар хэрэгт буруутган шүүсэн юм. Тус сургуулийн сургалтын менежер Н.Жавхлантөгс нь туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Иймд шүүгдэгч Н.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч оюутан Б.Бадамдоржийг хахууль өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин оюутан Б.Бадамдоржийн өмгөөлөгч эрүүгийн хуулийн задаргааг тайлбарлаж Эрүүгийн хуулийн 269.2 зүйл ангийг өөрчилж, түүнд төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жил болгон өөрчлүүлсэн байна. Ингээд түүнд ногдуулсан ялыг шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэсэн. Бусад шүүгдэгч улсын яллагчаас 1-3 жилийн хорих ял сонссон боловч шүүх бүрэлдэхүүн тэдний ялыг нэг жилийн тэнсэн харгалзах болгож өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, дээрх авлигын хэргээр шүүгдсэн оюутнууд бүтэн 360 хоногийн турш шүүхийн хараанд байх нь. /Монголын үнэн 2014.09.10 172/

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8842
0 эможи
keyboard_arrow_up