Эрчүүдээр наадах “зүрхний хулгайчид” буюу ээдрээт учралын нандин холбоос

2014 оны 9 сарын 15

...Бүүдгэр шөнийн харанхуйд орь ганцаарханаа мэт гунигтайяа харагдах тэргэл сарны зүг хүслээ шивнэн залбирч, хайртай ээжийгээ “нэхэх” бяцхан жаалуудын хичээнгүйлэн гуйсан өрөвдмөөр дүр зураг... Эцэг эхээсээ өнчирч хоцрон, асрамжийн газрын хэр тааруухан амьдрал дунд бие биесээ энэрч хайрлан яваа тэдгээр дөрвөн хүүхдийн нөхөрлөл юутай гайхалтай... Хүсэл мөрөөдлийнхөө сайхан бүхнийг хоорондоо хуваалцаж, хэн нэгнийхээ сэтгэлийн орон зайд нь үгүйлэгдсэн хайр халамжийг хэрэндээ л нөхөж амьдрах гэж тэмүүлж буй Тэргэл, Ялгуун, Энхжин, Эрхэс нарын хувь тавилан цаашид хэрхэн өрнөх бол...   

...Үзэсгэлэнтэй басхүү эгдүүтэй хөөрхөн Ялгуун эрчүүдийн харцыг соронзон мэт татаж, сэтгэлийг нь эзэмдсэн “зүрхний хулгайч” болоод багагүй уджээ. Хөрөнгө мөнгөтэй л бол хөгшин, залуу хэнбугай ч байсан хамаагүй. Хөөрхөн царай, энхрий инээмсэглэлийн цаана нуугдсан уран яруу аргаараа нэг л мэдэхэд өөрийн болгож орхиод эгээтэй л “утсан хүүхэлдэй” мэт шаггүй сайн тоглохдоо тэр туйлын гарамгай аж. Тэргэл эгчийнхээ зааж сургасан бүхнийг ягштал биелүүлж, эрчүүдийн зүрхээр хайр гамгүй “наадах” нь түүний  хамгийн дуртай тоглоом бололтой. Гэхдээ бас болоогүй ээ, ашиг орлогоо хуваах гэж аанай л энэ бүхэнд өөрийг нь “гол дүр” болгосон эгчтэйгээ ана мана үзэлцэхээ мартаагүй. Юутай ч үнэтэй машин, тансаг гоёлоороо гайхуулах орчин цагийн хээнцэр хатагтай нар маань хэдийнэ “Суусан газраасаа шороо атгаж босох”-ын үлгэрийг бодит амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж яваа “ажил хэрэгч” эмэгтэйчүүд болжээ. Бүтэлгүй гэрлэлт, хуурамч жирэмслэлт, “хачиртай” хоол гээд л тэдний алхам тутамд ашиг орлого нь нэмэгдэхэд нэг их гайхаад байх зүйлгүй мэт. Чинээлэг эрчүүдийн “зүрхээр наадах” урлагт тун ч сүрхий мэргэшсэн эгч дүүс өөрсдийн гэсэн томоохон дүрэмтэй гэж байгаа. “Зүрхээр нь наадаж” буй хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ харилцах, улмаар хайрлаж дурлаж болохгүй бөгөөд эрчүүд зөвхөн ийм “шан” хүртэж байхдаа таарсан амьтад гэдгийг бие биедээ цаг ямагт сануулж явах бөлгөө.

Ийн хатуухан тоглоомын дүрэм зохиож, хайр горилсон хөөрхий эрчүүдийг “наадгай” болгож яваа Тэргэл, Ялгуун хоёрын хувьд ээлжит “бай” нь чамлахааргүй “хатуу самар” байж таарчээ. Томоохон компанийн өв залгамжлагч, мэдлэг боловсрол хийгээд бие бялдрын хувьд ч хэн хүний анхаарлыг татах нууцлаг залуу энэ удаад “зүрхээр наадагч”-дын овжин мэх, уран арганд хэр зэрэг автах бол... Хэдийгээр туулж өнгөрүүлсэн хүүхэд насныхаа гунигт амьдралыг “өнгөт”-өөр будаад Ялгуун толгой гэдгэр алхаж яваа ч гэлээ, сэтгэл дотроо өнөөг хэр нь хайрласаар байгаа Эрхэсээ олж чадах болов уу. Толгод дээрхи ганц модны дор хүслээ бичиж хадгалцгаасан тэрхүү нандин хайрцгийг олох хүртлээ Тэргэл хөөрхийлөлтэй дүү нарынхаа хувь тавиланг өнгө мөнгөний төлөө хэрхэн умартаж орхисноо мэдрэх бол... “Ерөнхийлөгч болчихоод гадаад руу их явах байх. Та гурав маань дандаа хамт байж, намайг хүлээнэ биз дээ” хэмээн бардам нь аргагүй бичиж үлдээсэн сэргэлэн цовоо Энхжингийн амьдрал энэ хугацаанд яаж өөрчлөгдсөн бол...

Энэ мэт түмэн хариулт нэхсэн ээдрээт амьдралын учиг, хайрлах сэтгэлийн нандин хэлхээс, хүлээлтээр дүүрэн гэнэтийн учрал, ухаарлаар хөврөх жаргалтай өдрүүдийн эхлэл зөвхөн тэнд л бий. Тийм ээ, энэ бол “Хувьсал” продакшны бүтээсэн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл буюу “Зүрхээр наадагч” уран сайхны киноны нэгээхэн хэсэг байлаа. Хүмүүний амьдралын олон янзын өнгө хэмнэл, даваа нугачаа, хүнд бэрх шалгуур хийгээд аз жаргалын тухай ойлголт, хайр дурлалын үнэ цэнэ, утга учрыг тун сонирхолтойгоор харуулж чадсан энэхүү киноны нээлт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон билээ. Инээд хөөр, баяр гуниг хосолсон элдэв адал явдлаар дүүрэн өрнөх уг киноны бас нэгэн чимэг нь дуу бүжиг байлаа.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг тус киноны зохиолыг бичсэн бөгөөд адтай, авьяаслаг бүсгүйн дүрээр ийнхүү “Зүрхээр наадагч”-тай хамт үзэгчдээ баясгаад авсан. Харин киноны продюссер, ерөнхий найруулагчаар ажилласан Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг хэдийгээр нас нь гуч хол давсан боловч хэний ч анхаарлыг татах үзэсгэлэнтэй гэдгээ баталсан ихэмсэг бардам Тэргэлийн дүрийг тун гайхалтай харууллаа. Тэгвэл амьдралын хатуу бэрх нугачаанд алдаж оносон ч, хайртай хүүгийнхээ төлөө өөрийгөө үл умартан зүтгэж буй Энхжингийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг сэтгэлд хүртэл гүн “тусгаж” өгсөн юм. Тэрбээр мөн киноныхоо зургийн даргаар СТА Б.Баярмаатай хамтран ажилласан байна. “Зүрхээр наадагч”-дын зүггүйхэн төлөвлөгөөг нурааж, ээдрээт амьдралынх нь үнэн мөнийг таниулж өгсөн Билгүүний дүрд загвар өмсөгч О.Мөнхдалай тоглосон бөгөөд авьяаслаг бүсгүйчүүдтэй шаггүй сайн хамтарч ажилласан нь илт байсан шүү. Киноны ерөнхий зураглаачаар СТА Б.Отгонзориг, ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолчоор СТА М.Бирваа, дууны найруулагчаар О.Цэгмид нар ажиллажээ. Түүнээс гадна энэхүү кинонд Ялгууны бага насны дүрд Х.Марал, Эрхэсийн бага насны дүрд М.Бат-Эрдэнэ, Тэргэлийн бага насны дүрд А.Цэнгүүн, Энхжингийн бага насны дүрд А.Саранжил нарын авьяаслаг хүүхдүүд тогложээ. Мөн өв залгамжлагчийн туслах болох Жамбалын дүрд СТА Ж.Даваасамбуу тоглосон бөгөөд үйл явдлын дундуур үзэгчдэд нэлээдгүй инээд бэлэглээд амжсан хөгжилтэй эр.

“Гэдий, түмбий, хотой, оцой” гэх өвөрмөц уриатай “Зүрхээр наадагч”-дын хөгжилтэй адал явдал дунд өөрийн мэдэлгүй умбаж, басхүү бяцхан гуниглаад авсан үзэгч олон маань энэ үдэш дуу бүжгийн гайхалтай тоглолтоос ч хоцорсонгүй. Тийм ээ, үнэхээр үзэж сонирхох зүйл ихтэй, “сэтгэл дүүргэсэн” сайхан бүтээл болжээ. Киноны зохиол, жүжигчдийн тоглолт, зураг авалт, дуу бүжиг гээд бүхий л талаараа “часхийсэн” нэгдэл байлаа. Амттай инээд, адтай бүжгээр хөглөхийн сацуу амьдралын олон ухаарлыг хайрласан “ЗҮРХЭЭР НААДАГЧ”-тай цуг өнгөрүүлсэн хором мөч бүр гайхалтай санагдсан шүү, уран бүтээлчдэдээ баярлалаа.

Р.МӨНГӨН

www.zone.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8738
0 эможи
keyboard_arrow_up