Зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэнд 82.821 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ
МХЕГ-ын даргын тушаалын дагуу аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгт хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын 140 гаруй улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн ажилтнууд, байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Уг шалгалтад ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын мод, модон материалын есөн захыг хамруулах аж.
Одоогоор 148 зөрчил, дутагдал илрүүлж, 146 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 82.821 мянган төгрөгийн торгууль, 11.710 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.
Мөн 672 м3 мод, модон материал, 50 шуудай түлээ, 365 ширхэг дүнз, хоёр автомашиныг улсын орлого болгосон байна. Түүнчлэн 23 иргэн, аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж. Шалгалт үргэлжилж, Нисэх, Яармагийн товчоо, Баруун туруун, Эмээлт, Баянзүрхийн товчоогоор дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобусыг хянаж байгаа юм байна.