Аудитын хуурамч дүгнэлт гаргуулжээ
Өнөөдөр Монгол нюьсийн хэвлэлийн танхимд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндэсний аудитын газрын ажилтан н.Ичинхорлоо нь хууль бус дүгнэлт гаргуулж, хэрэгт хавсарган Л.Гансүхэд ял оноох хүсэлтэй байна. Л.Гансүхийг Налайхын үйлдвэрээс жигнэж ирсэн хаягдалгүй нүүрсийг нь хаягдал болох нунтаг нүүрстэй нь жигнээд хэдэн тонн нүүрс дутуу гэсэн аудитын дүгнэлт гаргуулсан байна. Энэ нь тус этгээд өөрөө хууль зөрчсөнийг илтгэж байгаа юм" хэмээлээ. Үүнээс гадна Үндэсний аудитын газрын ажилтанг дүгнэлт гаргахгүй гэхэд н.Ичинхорлоо нь "Ажлаасаа халагдахгүй байхыг хүсэхгүй байгаа бол дүгнэлт гарга" гэж шаардаж аудитын дүгнэлтийг гаргуулсан мөн "Оюун-Эрдэнэ" хэмээх хувийн аудитын компаниар хуурамч дүгнэлт гаргуулсан байна. Ийм учраас Л.Гансүхийн өмгөөлөгч н.Ичинхорлоог эрүүгийн хуулийн 254-р зүйл заалтаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргаад байгаа юм байна. Мөн тэрээр хэлэхдээ " АТГ Л.Гансүхийг хоригдох энэ хугацаанд юу ч хийсэнгүй. АТГ-ыг шалгадаг байгууллага гэж алга. Энэ байгууллага нь УИХ, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагыг шалгадаг болсноос хойш цагдаагийн байгууллага ажлаа ч хийж чадахгүй байна. Энэ нь дарангуйллыг бий болгосон гэхэд болно" хэмээлээ. Одоогоор Л.Гансүх баривчлагдаад сар гаран болсон бөгөөд түүний өмгөөлөгч нь Л.Гансүхийг батлан даалтанд авах тухай хүсэлтээ илгээсэн ажээ.