Тэтгэвэрт гарах насыг 2020 он хүртэл нэмэгдүүлнэ
Тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэхэд хувийн хэвшил, ажил олгогч эздийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн холбоод байр сууриа нэгтгэхээр хэлэлцлээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 35 мэргэжлийн холбооны төлөөлөл оролцсон юм.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Д.Нармандах “1960 оноос хойш төрсөн иргэдийн даатгалыг нэрийн данс буюу шимтгэлийн хуримтлалд суурилсан тогтолцоонд шилжүүлэх ажил 1999 оноос эхэлсэн. Үүнийг цаашид тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Иргэд тэтгэврийн данстай болоод түүнийгээ өвлүүлэх тухай ярьж байхад энэхүү шинэчлэлийг зогсоох, түүнээс татгалзахыг зарим нь санал болгож байна. Энэ нь байж болохгүй зүйл” хэмээн үзэж байна. Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ 1960 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн хүмүүст хуучин журмаар, түүнээс хойш төрсөн хүмүүст төлсөн бүх шимтгэлээс нь тооцож тэтгэвэр бодож олгохыг ажил олгогчид ийнхүү дэмжиж байгаа юм. Ингэхдээ тэтгэвэрт гарах насыг 2020 он хүртэл аажмаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ нь ажиллах хүчний хомсдолд орохоос сэргийлж, ахимаг насны хүмүүсийн хөдөлмөрийг ашиглах, нөгөөтэйгүүр, албан татвар, өндөр настны даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлэх аж.
Гэхдээ манай улсад өнөөдөр малчин, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг сайн дураараа нийгмийн даатгалд хамрагдахыг төрөөс дэмжих, тэтгэвэр тогтоолгох насыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил болгох, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн нийгмийн баталгааг хангахдаа нийгмийн даатгалын харилцаагаар биш халамжийн бодлогоор зохицуулах зэрэг асуудлуудын хууль, эрх зүйн орчин тодорхой болж, бүрдээгүй байгаа юм. Мөн хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөл, газрын дор ажиллаж буй хүмүүст хөнгөлөлттэй журмаар эрт тэтгэвэр тогтоодог журам бий. Гэвч хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг хангах төрийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгож, салбарын тэтгэврийн нэмэгдэл даатгалын тогтолцоог бий болгох санаачлагыг өнөөдрийг хүртэл судалж шийдвэрлээгүй байна.
Тиймээс нийгмийн хамгааллын хуулиуд, тэдгээртэй холбогдох харилцааг зохицуулсан хуулиудыг багцлан шинэчлэх, зарим хуулийг шинээр гаргах нь зүйтэй гэж төлөөлөгчид үзэж байна.