Цэцэрлэг барих уу, 3D хогны ууттай болох уу

2014 оны 9 сарын 11

Нийслэлийн удирдлагуудаас хотын өнгөүзэмжийг сайжруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхээр хийж буй  олон шинэ ажил зохион байгуулж байгаа ч “нүдээ олох” нь ховор юм. Үүний нэг нь хогны уут юм. Энэхүү төсөлд зарцуулсан хөрөнгийн хэмжээөнгөрсөн жил 3.2 тэрбум төгрөг болсон. Харин энэ жил дээрхи хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум 500 сая төгрөгт хүрчээ. Мөн хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор замын түгжрэлийг шийдэх гэж 1.3 тэрбум зарцуулсан.

Энэ их хөрөнгөөр юу хийж болох байсан бэ. Цэцэрлэггүй хоцорсон 56 мянган хүүхдийн хувь заяаг шийдэж болох л байсан.

Гэвч хотын удирдлагууд иргэдийнхээ хүслийг үл тоомсорлон ногоон уутаа шүтсээр. Ямар ч иргэнээс хогны уут эсвэл цэцэрлэг сургууль хоёрын аль нэгийг сонго гэвэл цэцэрлэг сургуулийг л сонгох байсан. Нийслэл хот өнгө төрхөө сайжруулах гэж тэмүүлж байгаа нь сайшаалтай боловч нэн тэргүүнд тулгамдсан асуудлаа ингэж орхигдуулсан нь харамсалтай. Нийслэлийн үе үеийн удирдлагуудын “толгойны өвчин” нь хог хаягдал байсан. Тиймээс “Улаанбаатар хотын хог хаягдлын шинэ менежмент” гэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн айл өрхүүдэд орчин үеийн хогны уут тарааж эхлээд байна.

Уг нь нийслэлийн иргэд “хогны уутанд зориулж 4.5 тэрбум төгрөг зарцуулснаас эмнэлэг, сургууль барьсан нь дээр” гэсэн хүсэлт гаргасан ч "Санал асуулга" хэмээх жүжиг найруулан өөрсдийгөө хамгаалав. Хотын удирдлагууд хогны уутыг тараахаа олон улсын жишиг, соёлтой орны туршлага нэвтрүүлж байна хэмээн гайхуулсаар. Өнгөрсөн жил тараасан гурван тэрбум төгрөгийн уут нь багадсан бололтой.  Нийслэлийн удирдлагуудын үгийг дамжуулагч, хорооны дарга нар  "Гэр хороололд хог ачихгүй уддаг, унаа машин нь хүрэлцдэггүй учраас эргэлт нь удаан байдаг, санал асуулгаар иргэд дэмжсэн" хэмээн иргэдийн “тархийг угаана”.

Хогны уут маань маш хурдацтай хөгжин, технологийн дэвшилтэд хүрээд тэр ч байтугай энэ сарын эхнээс “Сэнжтэй юу, сэнжгүй юу” гэдэг “том сонголт”-ыг нийслэлийн иргэдэд олгоод байгаа юм. Маш чухал ардчилсан сонголт юм шүү дээ. Магадгүй,  тун удахгүй ногоон уут нь 3D болж хогоо өөрөө асгахаар хогын цэг рүү гүйх шинжтэй. Харин хотын удирдлагууд хогны машин авахад бус хогны уут "Үнэгүй" тараахад зориулж зөвхөн энэ онд 4.5 тэрбум төгрөг “цацах”-аар байж ядан сууна. Улс нь мөнгөгүй, эдийн засаг нь хямарч байхад нийслэл нь иймэрхүү маягаар мөнгөөр тоглож суух бололтой. Энэ мэтээр жил тутамд хогны уутынөртөг өссөөр 2016 оныг үдэхэд хэчнээн сургууль, цэцэрлэг барьж болох мөнгийг салхинд хийсгэх бол.

Бусад улсын нийслэлтэй харьцуулахад нийслэл хотын хогны асуудлыг төвөггүй шийдэж болох мэт. Гэр хорооллынхны хогийг сардаа хоёр удаа ачдаг, хогны машин нь хүрэлцэхээр болгочихвол гудамж бүрийн булан тохойд хогон овоо үүсдэг нь багасч л таарна. Дээр нь "Хотын соёл"-ыг нэвтрүүлж, иргэдийнхээ ухамсарыг дээшлүүлэн, хог хаяж орчин бохирдуулагч хүмүүсийг торгодог болох нь зүйтэй санагдана. Мөн ирээдүй болсон хүүхдүүддээ багаас нь энэ ухамсарыг суулгачихвал, гудамж болгонд ойрхон зайтай хогны сав байрлуулбал дэвшилттэй алхам болох буй за. Манай улсын хэмжээнд энэ жил цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэнэ. Өнгөрсөн онтой харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 8000 орчим хүүхдээр нэмэгдсэн юм байх. Энэ нь 10 хүүхдийн гурав нь цэцэрлэггүй байгаа гэсэн үг юм.

Сүүлийн жилүүдэд шинээр баригдаж байгаа "Улсын" гэх тодотголтой сургууль цэцэрлэгүүд гадаад орнуудаас авсан өр зээлээр баригдаж байгаа билээ. Энэхүү өр зээл нь ард түмний татварын мөнгөөр л төлөгдөж таарна. Харин ардын хүүхдүүд цэцэрлэг сургуульгүй хэдий болтол байх юм бол. Тун саяхан шинэ хичээлийн жил эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан НМХГ-аас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, оюутны дотуур байруудад наймдугаар сард шалгалт хийжээ. Шалгалтад Ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг хамрагдснаас 50 хувь нь шалгалтад бүдэрсэн байна. Шалгалтад хамрагдсан 36 сургууль, цэцэрлэгийн 26 нь засварын ажлаа эхлээгүй байсныг НМХГ тогтоожээ. Харин 15 сургууль, цэцэрлэг засварын ажил хийж байсан юм байна. Ихэнх сургууль, цэцэрлэгийн тендер нь зарлагдаагүйн улмаас ийнхүү засварын ажил нь эхлээгүй байдалтай байжээ. Бодит байдал газар дээрээ ийм л байдалтай байна. Тэгэхээр улам гоё “Хогны ууттай болох уу, шинэ цэцэрлэгтэй болох уу” дахиад санал асуулга явуулъя. Таалагдах хариуг минь өгөөрэй.

Ч.Амартүвшин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8513
0 эможи
keyboard_arrow_up