Хог хаягдлыг орлогын эх үүсвэр болгоё
Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг ашиглаж, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар ажилгүй,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой "Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё" төслийг "Технож" бизнес инкубатор төв, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хоёр сар хэрэгжүүлээд байгаа бөгөөд төсөлд хамрагдсан иргэдийн үзэсгэлэн өчигдөр НҮБ-ын байранд болжээ. Өнөөдрийн байдлаар тус төсөлд 80-аад өрх хамрагдаад байгаа юм байна. Эдгээр өрхүүд ундааны сав, самрын яс, парлон, синтефон гэх мэт хэрэгцээгүй болсон хог хаягдлыг орлогын эх үүсвэр болгохдоо ашиглаж байна. Тус төвийн цаашдын зорилго нь төсөлд илүү олон өрх, хүмүүсийг хамруулахад оршиж байгаа бөгөөд "Дахин хэрэглэе, ахин ашиглая" гэсэн уриатай уралдаан зарлаж байгаа юм байна.