Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Онц байдал” зарлая
Нийслэл хот маань хөгжихийн хэрээр жил ирэх тутам баригдаж буй барилга байгууламжийн тоо нэмэгдэж, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо өссөөр байна. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 3000 орчим барилгын компани үйл ажиллагаа явуулж байна. Гэвч барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал болон ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлээгүйгээс энэ салбарт осол, гэмтэл олноор гарах болсон юм. Хамгийн сүүлд энэ сарын 7-ны өглөө “River stone” орон сууцны хороолол дээр ажиллаж байсан гурван залуу дүүжин шатнаас унаж, амь насаа алдсан билээ. Уг орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "БоБэ констракшн" гүйцэтгэж байсан юм.Ослын гол шалтгаан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ. Тус барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагдаагүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөрхамгааллын инженер ч байгаагүй нь “Аймшиг” дагуулж байгаа юм. Тэд өөрсдөөсөө биш дүүжин шатны олс тасарсанаас болж осолдсон нь “Аюулын харанга” дэлдэж байна.
Осол гарах үед дээрх ажилчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан бөгөөд, дүүжин шатны бэхэлгээ нь тасарч есөн давхараас унаж амь насаараа хохирчээ. Тэдний хоёр нь газар дээрээ нас барж, нэг нь ГССҮТ-д очсон ч эмчилгээ авч чадалгүй амиа алджээ. Улсын хэмжээнд 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн амь насаа алдаж, 130 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Мөн 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтындүнгээр жилд дунджаар 500 гаруй барилга байгууламж шинээр баригдаж буйсудалгаа гарсан байна. Тэгсэн хэр нь тус салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангахгүй байгаагаас барилгын ажилчдын хувьд хүний амьд явах. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Осол гарахаар МХЕГ, Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэнүүд очдог ч нэгэнт алдсан амь нас, хохирсон эрүүл мэндийн өмнө хэчнээн “ажлаа сайн хийгээд” яах билээ. Энэ л хамгийн харамсалтай. Уг нь тэдний ажлын нэг гол үүрэг нь байнгын хяналт шалгалт хийж осол зөрчил гарахгүй байх урьдач нөхцлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх явдал юм. Энэ үүргээ л хангалтгүй биелүүлээд байгаагаас осол гамшиг гарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохироод байгаа хэрэг.
Осол гэмтэл гарах бас нэг шалтгаан нь барилгын төсөл, хөтөлбөрт оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага нь захиалагч ерөнхий гүйцэтгэгчтэй, ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч, бригад, хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилладаг аж. Тэгэхдээ хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг захиалагч ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр зөвхөн гүйцэтгэгч тал дангаараа хариуцаж ажилладаг нь хүний амь нас сүйрэх шалтгаан болдог байна.
Түүнчлэн манайхан барилгын туслах ажилтнаар энэ талын анхан шатны мэдэгдэхүүнгүй хүн авч ажиллуулдаг нь осол, гэмтэл гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Барилгын салбарт ийнхүү дайн болж байгаа мэт олон хүн амь насаа алдсаар байтал төр засгаас анхааралдаа авахгүй, салбарын яам, хариуцах ёстой газрууд нь сандал ширээтэйгээ зууралдсаар байгаа нь харамсалтай. Иймээс барилгын салбарт “Онц байдал” зарлах цаг болжээ.