Цахилгааны үнэ нэмснийг хүчингүй болгосон байна
Эрчим хүчний зохицуулах хороо өнгөрсөн долдугаар сарын 21-нд айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний нэг кВт-ын үнийг таван төгрөгөөр нэмэх тогтоол гаргасан. Энэ тарифийг өнгөрсөн наймдугаар сарын 10-наас мөрдөн, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг цахилгаан түгээдэг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгожээ. ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо зөвшөөрөл олгоогүй байхад үнэ нэмэх шийдвэр гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн байна. Түүнчлэн зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүнийхээ үнэ тариф өөрчлөлт оруулах хүсэлтийг ШӨХТГ-т ирүүлж, зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг бөгөөд нэр бүхий зүй ёсны монополь зургаан аж ахуй эрхлэгч энэ үүргээ зөрчин, цахилгаан эрчим хүчний үнэ тарифийг нэмсэн байна.
Мөн цахилгааны үнэ нэмэх тогтоолыг хүчингүй болгох албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, хуульд нийцээгүй тогтоол гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар нарыг тус бүр 960 мянган төгрөгөөр торгосон аж.