Арван бүлэгт, “Халхын гол” ном хэвлэгдэн гарлаа
Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Халхын гол” ном хэвлэгдэн, уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгаланг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн амь, бие хайргүй хэрхэн тэмцэж ирсэн, үүнд Оросын арусд түмэн хэрхэн тусалсаныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу өсвөр үеийнхэн, цэрэг дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл сэтгэлээр хүмүүжүүлж, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулан байхад Халхын голын дайны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын утга учир оршдог билээ.
Ийм нэгэн зорилгын үүднээс Халхын голын дайны талаар үнэн бодитой, аливаа үзэл суртлын нөлөө ороогүй, олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудад ойлгомжтой, хүртээмжтэй байлгахыг уг номын зохиогчдын баг анхнаасаа зорьж байлаа. Энэхүү номын түүхийн зөвлөхөөр доктор С.Ганболд ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга Ц.Батсайхан, Батлан хамгаалах төв архивын мэргэжилтэн Ж.Гантулга, “Соёмбо” сонины эрхлэгч Г.Нямдорж, Монгол цэргийн музейн мэргэжилтэн М.Бямбарагчаа нарын судлаач, алба хаагчдын тун цомхон баг гар нийлэн ажиллажээ. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир зөвлөхөөр ажилласан юм.
“XX зууны эхэн хагасын Ази тив дэх улс төрийн нөхцөл байдал”, “Монгол Улсын эсрэг Япон, Манж-Го-гийн зэвсэгт халдлагууд”, “1939 оны 1-5 дугаар сарын байлдаан”, “Баянцагааны байлдаан”, “Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт”, “Есдүгээр сарын байлдаан”, “Дайны төгсгөл, үр дүн, сургамж”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд”, “Зөвлөлт Холбоот Улсын баатрууд”, “Дайны ялалтыг мөнхөлсөн хөшөө, дурсгалууд”, “Хавсралтууд” гэсэн арван бүлэгтэй.
“Халхын гол” ном нь “Монгол Улс Дэлхийн II дайнд” цувралын нэгдүгээр дэвтэр бөгөөд ирэх жил тохиох Чөлөөлөх дайны 70 жилээр мөн ийм танин мэдэхүйн ном хийх талаар яригдаж байна.