Орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт өнөөдөр эхэллээ
Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хөндлөнгийн хяналт хийх арга зүйд сургах” сэдэвт үндэсний сургалтыг өнөөдөр /2014.09.08/ ЭМЯ-наа зохион байгуулж байна.
Уг сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НМХГ-ын дэд дарга М.Баасандорж, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Бүсийн зөвлөх Вон Хилденбранд Александр, Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн С.Бумаа болон орон нутгийн байцаагч нар оролцлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Э.Амарсанаа нээж хэлсэн үгэндээ уг сургалт, семинарыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангуулж ажилласан ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ДЭМБ-ын хамт олон олонд болон ДЭМБ-ын бүсийн зөвлөх Вон Хилденбранд Александрт талархлаа илэрхийлээд, Дэлхийн олон улс оронд төдийгүй манай улсын хувьд ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амыг аюулгүй ундны усаар тасралтгүй хангах асуудал байсаар байгаад онцлов.
Азийн таван оронд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлснээр ундны усны аюулгуй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд эрсдлийн үнэлгээ хийх, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.
Манай улсад 2011 оноос эхлэн ус хангамжийн тогтолцоонд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг боловсруулах ажлыг Ус сувгийн удирдах газар болон Дорноговь аймгийн Чандмань илч ХХК-ийг түшиглэн хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Уг төслийн хүрээнд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг улсын түвшинд хэрэгжүүлэх хөтөч”, “Хот болон жижиг суурин газрын ус хангамжийн тогтолцоонд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах гарын авлага” номыг орчуулж, хэвлүүлэн сургалтад ашиглаж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн “сургагч багш” нараар дамжуулан үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд гэхэд л хоёр удаагийн сургалтад нийт 100 гаруй хүнийг хамруулжээ.
Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үйл явц нь салбар дундын хамтын ажиллагаа шаардсан багаар хийгддэг ажил тул үе шаттайгаар сургалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид уг төслийг орон нутагт өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс ялангуяа уг төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнд хөндлөнгийн хяналт тавих улсын байцаагчдыг чадавхжуулах шаардлага гарч байгаа тул өнөөдрийн семинарийг зохион байгуулж байгаа. Хөндлөнгийн хяналт тавих боловсон хүчнийг чадавхжуулснаар орон нутагт “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангуулахад дорвитой ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа зохион байгуулагчид хэллээ.