Халагдсан хурандаа нарын цолыг хураан авчээ
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав тус газрын даргаар томилогдсoныхоо маргааш нь тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халсан билээ.
Тэгвэл ажлаас халсан нь тушаалын зөвхөн үндсэн шийтгэл байжээ. Харин халах тушаалийн нэмэлт шийтгэл нь хурандаа нарын цолыг хураан авах байсан бөгөөд ажлаас халахтай нь зэрэгцэн тэдний цолыг хураан авсан байна.
Ингэснээр цагдаагийн хурандаа нар ямар ч цолгүй энгийн иргэн болж байгаа юм. Энэ нь хэргийг мөрдөн шалгаж байгаа АТГ, ТЕГ-ын мөрдөн байцаагч нарт ажил үүргээ гүйцэтгэж байхад нь дөхөм болж байгааг үгүйсгэх аргагүй.
Цагдаагийн ерөнхий газрын бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаад халагдсан экс удирдлагуудын цолны нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нь тэглэгдэж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тэд цагдаагийн байгууллагад дахин орвол ахмад цолоос буюу бүхнийг “тэг”-ээс эхэлнэ гэсэн үг юм. Тэгэхээр ажлаас халагдсан хурандаа нар гэх хэллэг тэдэнд “зохихгүй” болж байна.
Харин Зохион байгуулалттай гэми хэрэгтэй тэмцэх газрын дарга асан Х.Доржсүрэнгийн цолыг хураан авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүний цолыг хураан аваагүй гэх яриа байгаа. Учир нь Х.Доржсүрэн Монголын нөлөө бүхий хүнтэй ураг төрлийн холбоотой бөгөөд үүнийхээ ачаар цолоо хураалгаагүй гэх шуум байна.
Юутай ч нийгмийг айдас, цочролд автуулаад байсан цагдаагийн экс дарга нар цолоо хураалгаж, жирийн “хар хүн” боллоо. Одоо харин буруутай үйл ажиллагаа явуулсан эсэхийг АТГ, ТЕГ нь хурдан тогтоож, буруутай бол хариуцлагыг хүлээлгэж, буруугүй бол цагаатгахыг харах л үлдлээ.