Татварынхан хулгайгаар данс хуурайлдаг боллоо

2014 оны 9 сарын 05

Монгол Улсын төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор татвар бүрдүүлэх кампанит ажил өрнөөд эхэлчихэж.

Өчигдөрхөн манай редакц руу нэгэн уншигч утсаар залгаж “Энэ төр чинь хуулиар далайлган тонуул хийдэг болж. Эдийн засаг хүндхэн энэ үед ашиг олох нь бүү хэл арайхийн татвараа төлөөд өнөө маргаашаа аргацааж байгаа мань мэтийн аж ахуйн нэгжүүд олон бий. Гэтэл Баянгол дүүргийн татварын хэлтэс банкин дахь компанийн дансыг бидэнд албан ёсоор мэдэгдэлгүйгээр НӨАТ авах нэрийдлээр хоосолчихлоо. Энэ чинь хууль бус үйлдэл биз дээ. Манайх жилийн 40-хөн сая төгрөгийн орлоготой жижигхэн компани” хэмээн их л бухимдангуй ярьсан юм.

Түүний компани сүүлийн хэдэн жил тогтмол ажиллаж хүн амын орлогын болон нийгмийн даатгалын зэрэг хугацаат татваруудаа тухайн сар сардаа төлсөөр иржээ. Тэгтэл өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Баянгол дүүргийн татварын хэлтсээс НӨАТ-ын сүүлийн гурван сарын өр дөрвөн сая гаруй төгрөгөө төлөхийг сануулжээ.  “Эдийн засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгжүүдийн данс нь улайчихсан байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Төлөх л ёстой юм чинь би хаашаа ч бултахгүй. Ирэх аравдугаар сард төлөөд дуусгачихна” хэмээн тэрээр хариулжээ. Байцаагч ч “За, ойлголоо” гээд л утсаа салгаж. Ийнхүү утсаар ярьснаасаа хойш гурав хоногийн дараа буюу пүрэв гаригт дансан дахь дөрвөн сая гаруй төгрөгийг нь бүгдийг нь НӨАТ-ын өрөнд суутгаж авчээ. Ингэхдээ бүр ажлын цаг тарсны дараа буюу оройн 19.00 цагт гүйлгээ хийгдсэн аж. Дансан дахь мөнгийг нь НӨАТ-т суутгагдсныг тэрээр маргааш нь буюу баасан гаригийн өглөө ажил дээрээ ирээд мэджээ. НӨАТ-ын өрөнд данснаас нь мөнгө суутгах гэж байгаа тухайгаа албан ёсоор тухайн аж ахуйн нэгжид огт мэдэгдээгүй аж. Бүр “Хаан” банкнаас ч түүнд мэдэгдээгүй аж. Зүй нь дүүргийн татварын хэлтсээс энэ тухайгаа утсаар ярих бус хуульд заасны дагуу НӨАТ-ын сүүлийн гурван сарын мөнгөө төлөхийг шаардсан мэдэгдэл акт, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас хүргүүлэх ёстой. Банкны тухай хуулинд заасны дагуу эзэмшлийнх нь данснаас албадлагаар зарлага гаргах гэж байгаа бол эзэнд нь зайлшгүй мэдэгдэх ёстой юм байна.

“Хаан” банктай холбогдоход “НӨАТ-ын сүүлийн гурван сарын өрийг нь шууд суутгаж авах талаар” Дүүргийн татварын хэлтсээс бидэнд албан бичиг ирүүлсэн. Энэ гүйлгээг хийхэд тус компанийн ямар ч албан тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг авах нь бүү хэл мэдэгдээ ч үгүй юм байна. Харин энэ талаар дүүргийн татварын хэлтсээс лавлахад “Бид хуулийн хүрээнд үүргээ биелүүлсэн. Хууль дүрмээ судал. Татварын тухай хуулийн 62, 75-ийн 1.6 дүгээр заалтуудыг унш” гэж сүрхий зандарчээ. Давхар дансан дахь мөнгөнд нь өөрийнх нь зөвшөөрөлгүй гар дүрсэн шалтгааныг тодруулахаар асуусны хариуд “Ажил ихтэй байхад төвөг удаад байх юм. Авах ёстойгоо л аваа биз дээ” гэж уцаарлажээ. Тэгтэл Татварын ерөнхий хуулийн наймдугаар бүлгийн 62 дугаар зүйлд “Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна. Үүнд үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэх гаргах” хэмээн заажээ. Гэтэл НӨАТ төлөх хугацааг хуульчилж заагаагүй учраас ихэнх аж ахуйн нэгж тухайн улирал эсвэл жилдээ багтаан төлдөг байна. Энгийнээр бол төсөв бүрдүүлэх зорилготой татвар биш учраас сар сардаа төлөх ёстой хэмээн хуульчлаагүй байна. Харин 75 дугаар зүйлд нь “Шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нь нэвтрэх боломж олгохгүй байх, ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах болон битүүмжлэх үйл ажиллагааг хийлгэхгүй байх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар өгсөн мэдэгдэл акт, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас шаардлагыг биелүүлэхгүй зэрэг тохиолдлуудад хувь хүний хөдөлмөрийн доод хэмжээг хоёроос гурав, албан тушаалтныг хөдөлмөрийн доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгөөр торгоно” хэмээн тусгасан байдаг аж. “Тэгэхээр хуулийн дээрх заалтыг огт хэрэглэлгүйгээр дансан дахь мөнгийг нь авсан гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.

Тэгээд ч энэ хуулийн заалт татварын улсын байцаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд санаатайгаар саад учруулсан тохиолдолд авах арга хэмжээний талаар тусгасан болохоос НӨАТ-ыг хичнээн сараар төлөөгүй бол банкны данснаас эзэнд нь мэдэгдэлгүй мөнгийг нь хумсална гэсэн үг огт биш” гэж бидэнд хандсан компанийн захирал ярилаа.  

 

Дээрх болсон үйл явдалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ж.Жавзандуламаас тодруулга авлаа.

 

 Аж ахуйн нэгжийн дансан дахь мөнгийг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр НӨАТ авсан үйлдлийг хууль зөрчсөн гэх үндэслэл бий юу?

 -Бүрэн үндэслэлтэй. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед НӨАТ ч гэлтгүй бусад татварыг хугацаанд нь төлөөгүй байсан ч алданги аваад л явах хэрэгтэй. Хуулиар тогтоосон хугацаа хэтэрвэл татвараас зугтсан, татварын өндөр өртэй зэрэг тохиолдлуудад дээрх шиг дансыг нь лацдах, шүүхэд хандаж эсвэл данснаас шууд мөнгө гаргуулахаар хуульчилсан. Тэгтэл сар бүр төлөх ёстой татваруудаа төлөөд, тогтмол үйл ажиллагаагаа явуулахын сацуу хуулийнхаа хүрээнд улиралдаа багтаагаад НӨАТ-аа төлнө гэчихээд байхад аж ахуйн нэгжид нь албан ёсоор мэдэгдэлгүйгээр, ажлын бус цагаар данснаас нь шууд мөнгийг нь татаж авна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл. Энэ бол хүний хөрөнгөд хуулийн үндэслэлгүй шууд халдсан хэлбэр. Бас бизнес үйл ажиллагаанд нь саад учруулж байна. Хөдөлмөрийн хуулиндаа өглөөний наймаас 17, есөөс 18 цагийн хоорондох цагуудыг ажлын цаг гэж үздэг. Энэ хугацаанд л төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж, тушаал шийдвэрүүд гарч, биелэгдээд явах учиртай. 19 буюу ажлын бус цагаар мөнгийг нь авна гэдэг бол төрийн үйл ажиллагаа ажлын бус цагаар явагдаж хууль зөрчсөн хэлбэр. Бүр төр нийтийн үйлчилгээний алба болчихсон өнөө үед шүү.

Хуулиараа бол данснаас нь НӨАТ-т суутгаж авах гэж байгаагаа утсаар бус албан ёсоор мэдэгдэх ёстой. Хоёрдугаарт “Хаан” банк тухайн аж ахуй нэгжийн данснаас мөнгийг нь НӨАТ-т суутгах гэж байгаа бол мөн л эзэмшигчид нь мэдэгдэх ёстой. Энэ тухай банкны дүрэмд заасан. Гуравдугаарт НӨАТ-ыг сар сардаа төлөхөөр хуульчлаагүй байгаа. Тухайн жилдээ, эсвэл улиралдаа багтаагаад л аж ахуйн нэгжүүд төлдөг. Тэр ч утгаараа дээрх компани ирэх сард төлж болох байсан. Дөрөвдүгээрт дансан дахь мөнгийг нь шууд татаж авсан нь хуулийн үндэслэлд ч зохицолдохгүй байна.

-Энэ тохиолдолд банк үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж зөвхөн мэдэгдэх бус, бүр данснаас нь мөнгө гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой байсан юм биш үү?

-Банкны үйлчилгээ хамгийн гол нь итгэлцэл дээр тогтдог. Энэ мэт хуулийн үндэслэлгүй нөхцөлд мөнгийг нь тавиад туучихаж байгаа бол харилцагчдын итгэлцэлд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай нь банк энэ тал дээр хариуцлагагүй хандаж, дансны эзэнд нь ч мэдэгдээгүй байна шүү дээ.

-Дээрх тохиолдолд татварын байцаагч хуулийн заалтаа унш, судал, гэж иргэдийг зандрах нь хуульд хэр нийцсэн үйлдэл вэ?

-Харин манайд л ингээд эсрэгээрээ болчихоод байгаа юм. Өгөх хүн гэдийж, авах нь бөхийдөг гэдэг биз дээ. Монгол Улсын иргэн төрсөн цагаасаа авахуулаад нас барсан хойноо ч татвар төлдөг. Нас барсны гэрчилгээ авахдаа хураамж төлдөг. Татварын алба бол иргэддээ үйлчилгээ үзүүлэх ёстой. Үйлчилгээ гэхээр юу хэлээд байгаа юм гэхээр иргэд, аж ахуй нэгждээ хуулиа тайлбарлан таниулж, ойлгуулж байж татвараа авдаг. Хэрэв үнэхээр энэ нь хууль зүйн үндэслэлтэй, иргэн ташаа ойлгосон тохиолдолд бүрэн эхээр нь уншиж өгөөд зогсохгүй дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх ёстой.

-Танаас зөвлөгөө авдаг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-тай холбоотой өөр ямар тулгамдсан асуудал гарч ирдэг вэ?

-НӨАТ-ын босго болох 10 сая төгрөгийг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр ихэнх аж ахуйн нэгж нэгдсэн байр суурьтай байдаг. НӨАТ бол хэрэглээний буюу хяналтын татвар болохоос төсөв бүрдүүлэхэд чиглэгдээгүй. Өнөөдөр аж ахуй нэгжүүдийн жилийн орлого 10 сая төгрөгөөс давж байвал НӨАТ төлдөг. Тэгтэл өнөөдөр захын жижиг ТҮЦ-нд 20 сая төгрөг эргэлдэж байна. Тийм ч учраас ихэнх жижиг дунд аж ахуй нэгжүүд НӨАТ төлөгч. Бас НӨАТ-ын өртэй. Хэрэв тэдгээр аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ыг яг ийм аргаар татаад эхэлбэл бүгд дампуурахад бэлэн байна. Энэ нь төр “Орлогоос чинь авах ёстой татвараа хууль зөрчөөд ч хамаагүй авлаа. Та нар оршин тогтнох эсэх, алдагдалд орох эсэх, ажилчдаа халах эсэх нь ч хамаагүй гэсэнтэй яг ижил.

                                                         М.УУГАН-ЭРДЭНЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8259
0 эможи
keyboard_arrow_up