Бид Луу,Баавгай хоёрын дундах Чоно байж чадах уу
Газар дороо 1.3 их наяд ам.долларын баялагтай хэмээн пээдийж байсан Монгол өнөөдөр шалдаа буужээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 орчим хувиар буурч, эдийн засгийн өсөлт гурав дахин удааширч, төсвийн бүрдүүлэлт эхний гурван улирлын байдлаар 40 хувь ч хүрээгүй байна.
Бидэнд баялаг байхад тоглоомын дүрмийг яаж ч өөрчилж болно хэмээн сэтгэж, гадны хөрөнгө оруулагчдад олон нүүр гаргасны шанд 2010 онд 1000 гаруй төлөөлөгч ирж байсан “Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд өчигдөр 400 орчим төлөөлөгч иржээ. Энэ бол Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байгааг илтгэж буй маш тодорхой баримт.
Ийнхүү гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан монголчууд мөнхийн хөршүүдийнхөө хөлд нь сууж байна. Өнгөрсөн сарын 21, 22-нд өмнөд хөршийн төрийн тэргүүн Си дарга айлчлал хийж 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, мөн Хятадын хөгжлийн банкнаас найман жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй 162 сая ам.долларын зээл олгох зөвшөөрөл өгөөд буцсан. Түүнчлэн “Талын зам” транзит тээврийг Монголын нутгаар дайруулахад татгалзах зүйлгүй, та нар Путинаас зөвшөөрөл авчих гэсэн утгатай юм хэлээд Си Зиньпин дарга нутгийн зүг хөлгийн жолоо залсан билээ.
Ийнхүү Хятадаас бялуурсан бэлэг авсан монголчууд Оросоос бас их зүйл горьдож байлаа. Харамсалтай нь, дорвитой гэрээ үзэглэсэнгүй. Гол хүлээлт болох “Талын зам” төслийг “Путины зам” гэж нэрлэж, тайлбарлаж, хошгируулах гээд ч хойд хөршийн удирдагчаас “За” гэх үгийг сонсож чадалгүй буцаалаа.
БНХАУ-ын эдийн засагт АНУ байраа тавьж өгч буйг тус улсын ерөнхийлөгч Барак Обама 2012 онд хүлээн зөвшөөрсөн удаатай. Ийнхүү дэлхий даяар хүрхэрч буй луутай Оросууд сөргөлдөхийг хүсэхгүй байгаа бололтой. Баавгайнууд Европын холбоо болон АНУ-тай Украины асуудлаас болж таагүй харилцаатай байгаа учраас дайсныхаа тоог нэмж Монголын асуудлаас болж Хятадтай арсалдахыг хүссэнгүй.
Илүү дэлгэрэнгүйг: Zaluu.com