Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч ярьж байна
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд 19-р хорооны Засаг дарга Ш.Батдоржтой ярилцлаа.
-Хорооны Засаг даргын ажлаа хэзээ авав. Энэ хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлээд байна вэ?
Өнгөрсөн оны хоёрдугаар сард ажлаа хүлээж авсан. Ажлаа аваад хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлсэн ажил бол сургуулийн сурагчдыг унаатай болгох асуудал байлаа. Манай хороо хотоос нэлээд зайдуу. Хүүхдүүд өглөө, өдөр, орой сургуульдаа явахад унаа дутмаг байдаг. Энэ асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн. 239 хүүхдийн эцэг эхчүүдээс санал хүсэлт авсны үндсэн дээр дүүргийн Засаг дарга, нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Үүний үндсэн дээр өнгөрсөн нэгдүгээр сард 117 дугаар сургуулийн сурагчлал 94 сая төгрөгийн зардлаар унаа авч өглөө. Мөн хогийн цэгийн асуудал ч хөндөгддөг. Үүнийг шийдвэрлэж хогийн цэгтэй болголоо.
-Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?
Гудамж талбайн хайргажуулсан зам, зам өргөсгөх, камерьжуулах асуудал, хаягжуулалт зэрэг ажлууд байна. Мөн хогийн цэг биш нэгдсэн бункертэй болгох ажил ид яригдаж байна. Хур хог хурна гэдэг иргэдийн ухамсрын л асуудал шүү дээ. Мөн хороогоо бага сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг л нэн яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Маргаашнаас газраа очиж үзнэ. Түүнчлэн ирэх онд Хуурай мухарт Аврах, гал унтраах анги байгуулах зорилготой байгаа.
-Сүхбаатар дүүрэг “Хог хаягдлын менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр танай хороонд хэр хэрэгжиж байна вэ?
Маш сайн хэрэгжиж байгаа. Манай хороо 36 мянган га талбайг хамардаг. Хорооны иргэдийн албан ёсны тоо гурван мянга гаруй. Дээр нь зөвхөн зуны улиралд зусланд гардаг иргэдийн тоо 40 гаруй мянга байдаг. Тэгэхээр хогны асуудал яах аргагүй маш их анхаарах асуудал. Хогны ногоон уутыг өрх бүрт хүргэх, тараах ажлыг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүйг Нийслэл таймс / 2014.09.04 №155 /