Нийслэлд бүртгэлтэй хөшөө дурсгалуудыг хамгаалалтад авч, мэдээллийн самбар байрлууллаа
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран нийслэлийн хэмжээнд байгаа хөшөө баримал, түүхэн дурсгалуудыг хамгаалалтад авч, тэмдэгжүүлсэн байна. Тодруулбал, Цэрэндоржийн хөшөө, 3 унагатай баримал, Нацагдоржийн хөшөө, Төрийн дуулалын дуут хөшөө, Сөүл асар, Энхтайваны хонх гэх мэт нийслэлийн хэмжээнд байгаа 153 түүхэн дурсгалт барилга, хөшөө баримлуудын хажууд тусгай мэдээллийн самбар байрлуулж, самбарт “Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно хэмээн бичиж, англи монгол хэлээр хөшөөний тайлбарыг бичжээ. Тайлбарт тухайн барималыг бүтээсэн уран барималчийн нэр, хөшөөг бүтээн босгосон он, түүхэн дурсгалын утга учрыг товч, тодорхой бичсэн байна.